ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн бэлгэ тэмдэг

2015-03-31 08:46

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 17ы

өдрийн 16 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

                                              

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “БЭЛГЭ ТЭМДЭГ” - ИЙН  ЗАГВАРЫН ТАЙЛБАР

 

            БЭЛГЭДЛИЙН ОРОЙ:    Зэс, алт, нүүрс

    Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч газрын баялаг, эрдэс баялгаараа дэлхийд гайхагдаж байгаа говь нутгийг - зэс, алт, нүүрсний  өнгөөр  хүслийг хангагч чандмань эрдэнээр дүрслэнэ.

 

           ТҮМЭН НАСАН ХЭЭ:      Алтан шаргал өнгө

    Өмнөговь аймгийг ашид мөнх өсөн дэвжихийн бэлгэдэл төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хээгээр хүрээлсэн. Түмэн насан хээний алтан шаргал өнгө нь говь нутаг гэсэн санааг илэрхийлнэ.

 

           ХӨХ ЦЭНХЭР ӨНГӨ:

    Мөнх тэнгэрийн хүчин дор эх дэлхийгээ шүтэн, эв эеээ нэгтгэн амьдрахыг бэлэгдэнэ.

 

        ГУРВАН САЙХАН УУЛ:     Цагаан цэнхэр өнгө

    Мөнх тэнгэрийг бэлгэдэн дугуй хөх дэвсгэр дээр  Өмнөговь аймгийн  бахархал Гурван сайхан уул”- ын сүрлэг оргилуудыг бүтээнэ.

 

       ЭЛСЭН МАНХАН, ТЭМЭЭ :   Элсэн,  шаргал  өнгө

   Өмнөговь аймгийн байгаль, цаг уур ан амьтны онцлог өвөрмөц тогтоц-суурьшил говьчуудын түүх соёл, ёс заншил амьдралын хэвшлийг энгийнээр тусгаж, дэлхийд ховордсон хоёр  бөхт тэмээний өлгий нутаг, тус аймаг нь Монгол улсдаа тэмээгээрээ тэргүүлдэг, тэмээний аж ахуй эрчимтэй хөгжсөн зэрэг  ойлголтуудыг тусган дүрслэнэ.

 

    ӨМНӨГОВЬ АЙМАГ:    Хөх, Цагаан өнгө

    Говийн уужуу тайван сэтгэлтэй, хөдөлмөрч ард түмнийг илэрхийлж, эдийн дээд хөх өнгийн хадган дээр “Өмнөговь” гэсэн нэрийг цагаан өнгөөр  хүндэтгэлтэйгээр байрлуулна.

 

        НОГООН ӨНГӨ:

    Говийн газрын  хөрсөн дээрх байгалийн баялаг,  газар тариалан, амьтан ургамлын онцлог болгон бэлгэдэнэ.


            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 17ы

өдрийн 16 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙГ

ҮЙЛДЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

                       Нийтлэг үндэслэл:

           Энэхүү журам нь Өмнөговь аймгийн /цаашид “аймгийн” гэх/ бэлгэ тэмдгийг үйлдэх,  дүрслэх, дээдлэн хэрэглэх үйл ажиллагааг зохицуулна.

 

Нэг:  Аймгийн бэлгэ тэмдэг

1.    Аймгийн бэлгэ тэмдэг нь аймгийн бэлгэдэл, тэмдэг, туг мөн.

2.    Аймгийн бэлгэдэл, тэмдэг, туг нь  аймгийн түүхэн уламжлал, онцлог,  бат бэх оршин тогтнохуйн бэлгэдэл, Өмнөговьчуудын цог хийморийг илэрхийлнэ.

 

Хоёр:  Аймгийн бэлгэдэл, түүнийг үйлдэх, дүрслэх, байрлуулах

1.      Аймгийн бэлгэдлийг өнгө ялган үйлдэх буюу дүрслэхэд дугуй хүрээ, оройд нь зэс, алт, нүүрсний өнгөөр чандмань эрдэнийг байрлуулж, хөх тэнгэрийг – цагаан цэнхэр, Гурван сайхан уулыг - бараан хөх өнгөөр хослуулан Говь, элс, тэмээг- элсэн шаргал, Өмнөговь аймгийн нэрийг хадган дээр цагаан өнгөөр байрлуулсан байна.

2.      Аймгийн бэлгэдлийг үйлдэх,  дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран энэ журмын 2.1 заасан эх загварыг чанд баримтлана.

3.      Аймгийн бэлгэдлийг дараахь газруудад байнга байрлуулна.

  а/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны  гадна ба дотор тал

  б/ Аймгийн ИТХ-ын даргын албан тасалгаа

  в/ Аймгийн Засаг даргын албан тасалгаа

  г/ Аймгийн ИТХ-ын хуралдааны болон Засаг даргын зөвлөлийн хурлын  танхим

  д/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын ёслолын албан тасалгаа

4.       Аймгийн бэлгэдлийг сумын ИТХ-ын хуралдааны үед хуралдааны танхимд  түр байрлуулж болно.

5.      Сум, багийн Засаг даргын  албан тасалгаа, сумын  ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурлын танхимд байрлуулж болно.

 

Гурав:  Аймгийн тэмдэг

1.      Аймгийн бэлгэдлийг, тэмдэг болгон үйлдэнэ.

2.      Тэмдгийг загварын дагуу 1,5 см радиустай дугариг хэлбэрээр үйлдэнэ.

3.      Аймгийн тэмдгийг тус аймгийн иргэд буюу гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дурсгах буюу зүүж хэрэглүүлнэ.

 

Дөрөв:  Аймгийн туг, түүнийг үйлдэх, дүрслэх,

мандуулах, байрлуулах

1.      Аймгийн тугийг хадган цэнхэр, улбар шар өнгийн хээгүй, цулгуй  эдээр үйлдэнэ. Тугийн гурав хуваасны  хоёрын хэмжээтэй  дээд хэсэг нь хадган цэнхэр, доод хэсэг нь улбар шар өнгөтэй байна. Тугийн гурав хуваасны  ишин талын  хадган цэнхэр дэвсгэрийн төв хэсэгт ишин талаас улбар шар хэсгийн өргөнтэй тэнцүү хэмжээний зайд, мөн хэмжээний тойргийн голчтойгоор аймгийн тэмдгийг байрлуулна. Аймгийн туг нь говьчууд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын  утга санааг бүхэлдээ агуулна. Тугийн өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

2.      Аймгийн тугийг үйлдэх дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран энэ журмын 4.1 заасан өнгө, дүрслэл, өргөн, уртын харьцааг чанд баримтлана.

3.      Аймгийн тугийг байнга байрлуулах газарт ишний нь оройд алтан шаргал өнгөтэй гилбэр, түүнээс Монгол төрийн есөн цагаан тугийг бэлгэдсэн цагаан, хар өнгийн азарганы дэл, сүүлний хялгасаар хийсэн гурван хэсэг манжлагаар сүр сүлд болгон чимэглэсэн байж болно.

4.      Аймгийн тугийг

      а/  Аймгийн ИТХ-ын даргын албан тасалгаа

      б/  Аймгийн Засаг даргын  албан тасалгаа

      в/ Аймгийн ИТХ-ын хуралдаан болон Засаг даргын зөвлөлийн  хурлын танхим

      г/  Аймгийн Засаг даргын Тамгын газрын ёслолын албан тасалгаанд тус тус байнга байрлууна.

      д/  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн болон багийн Иргэдийн Нийтийн  Хурлын хуралдааны  танхимд байрлуулж болно.

     е/  Сум багийн Засаг даргын албан тасалгаа, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хуралдааны танхимд байрлуулж болно.

    ё/ Улсын баяр наадам зэрэг хүндэтгэлийн болон  бусад арга хэмжээний  үед аймгийн тугийг,  аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын  хөлөглөж яваа албан ажлын тээврийн хэрэгсэл дээр мандуулж болно.

     ж/ Төрийн ёслол, хүндэтгэлийн бусад арга хэмжээ, улс орон, бүсийн болон  аймгийн хэмжээний хурал, зөвлөгөөн, урлаг спортын наадам, уралдаан тэмцээн, тэдгээртэй адилтгах бусад  арга хэмжээний үед тухайн байранд нь  аймгийн тугийг барьж, мандуулж болно.

 

Тав:  Бусад зүйл

1.      Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар гадаад улсын муж, хотод айлчлах, гадаад орны иргэд аймагт албан ёсны болон ажлын айлчлал хийх, гэрээ хэлэлцээр байгуулах үед аймгийн бэлгэдэл, тэмдэг, тугийг олон улсын жишиг, өөрийн улс, аймгийн уламжлалыг  харгалзан дээдлэн хэрэглэж болно.

2.      Аймгийн бэлгэдэл, тэмдэг, тугийг аймгийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, судалгааны байгууллага, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго бусад зүйл дээр дүрслэх хийгээд бусад зориулалтаар хэрэглэж болно. Энэ тухай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын Тамгын газар олгоно.

3.      Аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь аймгийн бэлгэдэл, тэмдэг, тугаа дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, нийтийг хамарсан хүндэтгэлийн арга хэмжээний үед барих, мандуулах, байрлуулах эрхтэй.

4.      Аймгийн бэлгэдэл, тэмдэг, тугийг  гутаан доромжлохыг хориглоно.

5.      Энэхүү журмыг санаатайгаар зөрчсөн этгээдэд Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна.

6.      Энэхүү журмыг 2011 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд дагаж мөрдөнө.

 



2015-03-31 08:46

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 11
  • НИЙТ:
  • 151 866
Сумдууд