2021-05-24
1468
Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг улс даяар 2020 оны 7 дугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон. Манай аймгийн хувьд дээрх шалгалтын үзүүлэлтийг өмнөх оныхоос урагшлуулах зорилтыг боловсролын байгууллагаас зорилт болгон ажиллаж байна.
Өчигдөр (2021.05.24) ЭЕШ-ыг угтаж аймгийн хэмжээний 12 жилийн сургалттай нийт сургуулийн сурагчдын дунд Сорил шалгалтыг Боловсрол соёл урлагийн газраас гурав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаад ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдаа орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжих хүрээнд сорил шалгалтыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит болгосноороо онцлог. Холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат салбарын удирдлагуудтай "Номундалай" цогцолбор сургууль дээр биечлэн очиж ажиллав.
ИТХ-ын дарга Э.Энхбат "Хонгор нутгийн ирээдүй болсон та бүхнийгээ Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжлийнхээ эзэн болоосой гэж шалгалтын цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах дадал эзэмшүүлэх ач холбогдолтой энэ сорилыг зохион байгуулж байгааг онцлоё" гэж шалгалтын эхэнд төгсөх ангийн сурагчдад хандаж хэлэв.
Тэрээр мөн удахгүй болох ЭЕШ-нд зориулан сорилын гүйцэтгэл унших REMARK OFFICE OMR программ бүхий төхөөрөмжийг Боловсрол соёл урлагийн газарт нэгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Өмнөх онд энэхүү аппаратыг хувийн зүгээс нэг ширхэгийг өгч байжээ.
Ерөнхий боловсролын лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн сургалтын менежер Д.Бүжинлхам: “Манай сургуулийн хувьд 14 хоног тутамд сорил шалгалт зохион байгуулж хэвшсэн. Нийт 199 суралцагч 478 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Ер нь Сорил шалгалтыг удаа дараа авснаар сурагчид хариултын хуудастайгаа ажиллах чадварт суралцаж, шалгалтын цагийг хуваарилж сурлаа. REMARK OFFICE OMR программ ашиглаж шалгалтын материалыг засаад 24 янзаар анализ хийснээр багш, сурагчид алдсан алдаагаа бүрэн олж харах боломжтой болдог. Уг дүгнэлтийнхээ дагуу багш нар зөвлөн туслаж ажилласнаар гүйцэтгэлийн дунджид ахиц гарч байна.
Цаг үеийн байдалтай холбоотойгоор хоёрдугаар сараас хойш сурагчдын хичээл, сургалт тасалдсан. Хэдийгээр зайны сургалт, цахим сургалт явагдсан ч сурагч бүрт тэгш хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Зарим хүүхэд өөрийн ур чадвар, идэвх зүтгэлээр шалгалтдаа сайн бэлдсэн байж болно. Харин ийм боломжгүй сурагч хангалттай сайн бэлдэж чадаагүй байж ч болно. Тиймээс бидэнд сурагчдынхаа түвшинг урьдчилан дүгнэж үзэхэд аймгийн хэмжээний эдгээр сорил шалгалт чухал нөлөөтэй” байгаа гэж тайлбарлалаа.
СУРАГЧИД УРЬДЧИЛСАН СОРИЛ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ҮР ДҮНТЭЙ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА
ЭЕШ-даа бэлдэж буй төгсөх ангийн сурагчдаас тодруулга авлаа.
Номундалай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Аззаяа:
- “Би барилгын архитектур болохоор мэргэжлээ сонгоод ЭЕШ-даа хоёр гурван сарын өмнөөс бэлдсэн. Шалгуулахад шаардлагатай хар зургийн хичээлээ багштайгаа хувиараа ганцаарчлан бэлдэж байгаа. Математик, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгалт өгөх болохоор давтлага сургалтанд явж байна.Элсэлтийн ерөнхий шалгалт болохтой холбоотойгоор сургуулиас маань анги болон сургуулийн хэмжээнд сорил давтамжтайгаар авдаг. Өнөөдрийн хувьд бол аймгийн хэмжээнд нийтээр авч байгаа 3 дахь сорилыг бид өгч байна. Ялгаа нь гэвэл бид өмнө нь ангидаа 20 хэдүүлхнээ суугаад шалгалтаа өгдөг байсан бол нэгдсэн журмаар өгөхөд зар, хуваарийн дагуу олон хүүхдүүд нэг дороо суухад орчны чимээ шуугианаас эхлүүлээд зохион байгуулалт яг л улсын шалгалтаа өгч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Сорилын тестийг уншигч машинаар уншуулж, дүнг нь хэлж өгдөг болохоор бид аймагтаа өөрийгөө хэдэд хаана явж байгаагаа мэдэх болмжтой байдаг нь надад чухал санагддаг. Ер нь бол миний сонгосон мэргэжлээр аймагт өмнөх жишгээр тэдэн хуваарь ирэхэд би шалгуур оноонд хүрэх эсэхээ тооцоолох, өөрийнхөө алдсан алдааг мэдэж аваад тэрэн дээрээ ажиллах боломж бүрдүүлж байгаа нь давуу тал л даа. Сорил шалгалтын дараах дэлгэрэнгүй судалгаа гардаг болохоор багш нар маань тухайн хүүхэд бүрт болон ангийхандаа энэ агуулгаа судалъя гэх зэргээр зөвлөж тусалж байгаа."
Номундалай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Гантөмөр:
"- Миний хувьд инженер нөгөө нь дата анализ буюу өгөгөдлийн шинжлэх ухаан гэсэн хоёр мэргэжил сонгоод шалтгалт өгөхөөр бэлтгэж байгаа. Одоо хугацаа богинохон байгаа учраас урьдчилсан түвшин тогтоох сорилын шалгалт авч байгаа нь бидэнд их хэрэгтэй шүү дээ. Эдгээр шалгалтын дүнгээр аймгийн хэмжээнд өөрийгөө хэдэд байгаагаа мэдэх, алдаж байгаа агуулгаа тодорхой мэдэж түүндээ тулгуурлан хичээлээ үзээд явж байна."
Номундалай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Мягмар:
"- Цар тахлаас шалтгаалж Танхимын сургалт богинохон хугацаанд байсан ч гэсэн мэдэхгүй зүйлээ мэдэж авсан. Миний хувьд гэрээр бэлдэхээс илүүтэйгээр танхимын сургалтаас мэдлгээ нэмсэн нь түлхүү гэж болно. Хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдээр ЭЕШ өгөх гээд бэлдэж байгаа. Аймгийн хэмжээний сорил шалгалтыг давтан өгөхөд сандрал багасч байгаа. Тест бөглөх цагаа зөв хуваах, уншигч машины дүнгээс өөрийнхөө алдааг мэдэж түүн дээрээ ажиллах гээд давуу тал бидэнд их өгч байна."
АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС