ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ФОТО МЭДЭЭ


нийт 93

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Улаанбаатар хотноо 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

2026-01-16 26
Тус уулзалт нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө мөн 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яамд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын баримтлах бодлого, чиглэлийг нэгтгэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дараах таван чиглэлд бодит өөрчлөлт, шийдвэр гарган ажиллана гэдгээ илэрхийллээ. Үүнд: 1. Төрийн хэмнэлтийн тухай хуульд шаардлагатай өөрчлөлт хийж, хүнд суртлыг арилгах; 2. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 26 газар, агентлагийн томилгооны эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэх; 3. Газар олголтын асуудлыг орон нутагт нь шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих; 4. Татварын орлогыг давуулан биелүүлсэн тохиолдолд давсан орлогыг орон нутгийн төсөвт үлдээх; 5. Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор үйлдвэр, технологийн парк байгуулах; Эдгээр бодлогын шийдлүүд нь орон нутгийн бие даасан байдал, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, иргэдэд ойр, бодит үр дүнтэй засаглалыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд орон нутаг хөгжиж байж улс хөгжинө.

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2026-01-13 29
1992 онд Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 76 хоногийн хугацаанд хэлэлцэн, Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж байсан түүхтэй бөгөөд энэ жил түүхт 34 жилийн ой тохиож байна. Монголын ард түмэнд эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шудрага ёсыг төлөвшүүлсэн энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд Адчилсан Шинэ үндсэн хуулийг батлалцахад Өмнөговь аймгаа төлөөлөн АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад депутат Д.Даргахүү, Б.Зандраа, Ж.Буд нарт хүндэтгэл үзүүллээ.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА.

2026-01-12 12
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д болж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон Үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн салбар зөвлөлийн дарга, гишүүд танхимаар болон цахимаар оролцож байна. Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлөөс 2025 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг 2025-2030 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл”, “Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт” сэдвээр мэдээлэл танилцуулж, үндсэн 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргах юм.

САЙХАН МЭДЭЭ

2026-01-10 11
1942 онд үүсгэн байгуулагдсан, Монголын уран бүтээлчдийн оюуны их айл болсон Монголын Урчуудын Эвлэл-ийн 9 дэх Ерөнхийлөгчөөр Өмнөговь нутгаас төрөн гарсан уран бүтээлч Амгаланбаатарын Сонинбаяр сонгогдсон баярт мэдээ ирлээ. Монголын нэрт ардын зураач, төрийн шагналт, гавьяат уран бүтээлчдээс бүрдсэн 711 шилдэг уран бүтээлчийг нэгтгэн, салбарын хөгжил дэвшлийг удирдан чиглүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай албыг хүлээн авсанд нь чин сэтгэлийн баяр хүргэе. Цаашдын уран бүтээл, манлайллын их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Оюуны Эрдэнэ-Өрнөх

ГУРВАН САЙХАН НИСЭХ БУУДЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2026-01-09 11
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж нар Гурвансайхан нисэх буудлын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж нисэх буудлын үйл ажиллагааны тулгамдаж буй асуудлуудын талаар салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН 34 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-01-09 11
Жил бүр тогтмол зохион байгуулагддаг тэмцээнд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн нийт 20 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон Ардын Их Хурлын депутатууд оролцож нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ, ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД ТОХИРСОН ДӨРВӨН УЛИРЛЫН УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

2026-01-08 5
Дөрвөн улирлын ухаалаг хүлэмжийг нэвтрүүлэх зорилгоор хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, “Копиа Монгол төв”-ийн захирал У Мён Гюү нар уулзаж, ухаалаг фермийн төслийг аймагт хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Тус төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгчдийн орлогыг өсгөх, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж талууд онцлов. Дөрвөн улирлын ухаалаг хүлэмжийг нэвтрүүлснээр тариалан эрхлэгчдэд дараах эерэг үр нөлөө үзүүлэхийг “Копиа Монгол төв”-ийн захирал У Мён Гюү дурдлаа. Үүнд: • Чанар сайтай, жигд ургац авах боломж бүрдэх • Нэг удаагийн хураалтаар арвин их ургац авах • Ургацыг савлах, хадгалах, түгээх үйл явцыг зөв үе шаттайгаар зохион байгуулах • Жилийн турш тасралтгүй үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрдэнэ.
khural.mn

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД БАЯН-ОВОО СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-12-30 5
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар Баян-Овоо суманд ажиллаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны зорилтоо танилцууллаа. Уулзалтын хүрээнд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүд аймгийн хэмжээнд болон орон нутагт хэрхэн хэрэгжиж буй байдал, тэдгээрийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн явц, бодит үр дүнг Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх дэлгэрэнгүй мэдээлэв. Мөн Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болох “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн нэг жилийн хэрэгжилтийн тайланг иргэд, төрийн албан хаагчдад нээлттэй танилцуулж, хэрэгжилтийн үр дүн, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар санал солилцлоо. Уг уулзалт нь бодлогын шийдвэрүүдийг орон нутгийн түвшинд бодит ажил, бодит үр дүн болгон хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж, дараагийн шатны зорилтыг илүү тодорхой болгоход чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН САЛБАР ОРОН НУТГИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2025-12-26 5
Улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, төрийн дээд одон медалиар шагнах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоор нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах болон орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг төрийн дээд одон, медаль, мөн салбар, орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Шагнал гардуулах үеэр аймаг орон нутгийн удирдлагууд шагнагдсан иргэдийн хөдөлмөр зүтгэл нь зөвхөн тухайн салбартаа төдийгүй улс орныхоо тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө оруулсан бодит үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2025-12-20 5
Аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээн 2025 оны 12-р сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, нийт 60 тамирчин (40 эрэгтэй, 20 эмэгтэй) классик болон түргэн тоглолт гэсэн 2 төрөлд оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. I. Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах төрөл Эмэгтэй ангилал 1. Б.Мичидмаа 2. Д.Отгонбаяр 3. Ц.Бадамсүрэн 4. Ч.Содбаяр 5. Э.Буяннэмэх Ахмад эмэгтэй ангилал 1. Цэцэгмаа 2. Ц.Цэрмаа Эрэгтэй ангилал 1. Н.Батхолбоо 2. Б.Шинэхүү 3. Э.Эрхболд 4. О.Чинбат 5. Д.Даваасамбуу Ахмад эрэгтэй ангилал 1. С.Цогхүү 2. Ц.Лүүжин II. Түргэн тоглолтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Эрэгтэй ангилал 1. С.Төгөлдөр – ОУШХ-ны мастер 2. Э.Хаянхярваа 3. Н.Батхолбоо Эрэгтэй (хүүхэд) ангилал 1. Б.Энхмөнх 2. О.Тодмөрөн 3. Б.Амин-Итгэл Эмэгтэй ангилал 1. Б.Халиун – ОУШХ-ны мастер 2. Э.Мөнх-Амгалан – Дэд мастер 3. А.Номин Эмэгтэй (хүүхэд) ангилал 1. Д.Тэмүлэнгоо 2. Б.Насанцэцэг 3. Б.Оюуномин Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр их амжилт хүсье!

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ НОМГОН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

2025-12-20 4
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх тэргүүтэй ажлын хэсэг Номгон суманд ажиллаж байна. Ажлын хүрээнд иргэдэд аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн нэг жилийн тайлангийн мэдээллийг танилцуулж, санал солилцлоо. Түүнчлэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ, Хууль эрх зүйн хэлтэс, Мал эмнэлгийн газар, ХХААГ, Байгаль орчны газрын төлөөллүүд иргэдэд цаг үеийн мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад нь дэлгэрэнгүй хариулт өглөө.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-18 5
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/430 дугаар тушаалын дагуу аймаг, сумын удирдлагуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалт Өмнөговь аймагт 2025 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр нар үг хэлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Сургалтад Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн тогтвортой хөгжил, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга замын талаар онол, дадлага хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ИТХ-ЫН УДИРДЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА.

2025-12-10 5
Зүүн хойд Азийн болон Төв Азийн нийт 9 улсын орон нутгийн төлөөллийн байгууллагууд нэг дор цуглаж, бүс нутгийн хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг хамгийн том платформ болох NEAR олон улсын форум энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. ИТХ-ЫН УДИРДЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА – БОДИТ ШИЙДЛИЙН ЭХЛЭЛ Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагын нөлөө, хариуцлага нэмэгдэж байгаа энэ цаг үед ИТХ-уудын хэмжээнд хамтран шийдвэр гаргах, туршлага солилцох нь бүс нутгийн хөгжлийн бодит хөшүүрэг болж байна. Иргэдийнхээ өмнөөс бодлого тодорхойлдог байгууллага бол ИТХ Форумын хүрээнд өнөөдөр хүн амын бууралт, ажлын байрны хомсдол, орон нутгийн эзгүйрэл, байгаль орчны доройтол зэрэг нийтлэг сорилтуудыг даван туулахад төлөөллийн байгууллагуудын уялдаа холбоо илүү чухал байна гэдгийг төлөөллүүд онцолж байна. ФОРУМЫН ҮР ДҮН – ХАМТАРСАН БОДЛОГЫН ШИНЭ ХУУДАС Энэ удаагийн уулзалтын гол ач холбогдол нь: • Орон нутгийн төлөөллийн байгууллагуудын уялдаа холбоог шинэ түвшинд гаргах • Бүс нутгийн нэгдсэн бодлогын ойлголт, дэмжлэгийг нэмэгдүүлэх • Хүн ам, эдийн засаг, байгаль орчны асуудлыг хамтын шийдлээр харах • Зүүн хойд Ази, Төв Азийн орнуудын ИТХ-уудын шууд харилцааг тогтоох зэрэг бодит үр дүнтэй хэлэлцүүлгүүд өрнөж байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ТӨРЛӨӨ

2025-12-09 99
Гүний усны салбарт 29 жилийн турш тасралтгүй ажиллаж, Монгол Улсын ус хангамж, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Монгол Улсын зөвлөх инженер, ус дулаан хангамжийн мэргэшсэн инженер, усны салбарын академич Сугирын Отгончулуун Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хорооны төлөөлөгчид, мөн “Гүний ус” ХХК-ийн удирдлага академич С.Отгончулуунд хүндэтгэл үзүүлэв. Энэхүү эрхэм хүндэт шагнал нь гүний усны салбарын хөгжилд хүчин зүтгэж буй инженер, техникийн ажилтнуудын үнэ цэнтэй хөдөлмөрийг үнэлсэн томоохон үйл явдал боллоо.

Архивын алба үүсэж хөгжсөний 98 жилийн ой, Өмнөговь аймагт архивын салбар байгуулагдсаны 68 жилийн ойг тэмдэглэсэн “Архивчдын өдөр”-ийн баярын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.Архивын алба үүсэж хөгжсөний 98 жилийн ой, Өмнөговь аймагт ар

2025-12-05 4
Өдөрлөгт архивын байгууллагын үе үеийн архивчид, салбарын ажилтан албан хаагчид хүрэлцэн ирж тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүнгээр өндөр үнэлгээ авсан ажилтанд баярын шагнал, гарын бэлэг өгч урамшууллаа. Орчин цагийн архивын алба үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-12-03 5
Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 94,3 хувийн ирцтэйгээр эхэлж 13 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай. 2. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай. 3. 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах тухай. 4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай. 5. “Тэмээ судлал, мал, амьтны эрүүл мэндийн төв” ОНӨААТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай. 6. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай. 7. Орон нутгийн өмчийн тухай. 8. Орон нутгийн үнэт цаас гаргаж, арилжих тухай. 9. Аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай. 10. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай. 11. Нэрэмжит болгох тухай. 12. Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай. 13. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлангийн тухай.

ISO ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-02 5
Агентлагийн дарга, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, албан хаагчдад Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөлтөд хамаарах олон улсын стандарт (MNS7068:2025), түүний ач холбогдол, төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага болон чанарын менежментийн тогтолцоог төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах сургалт зохион байгуулагдаж байна.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-02 5
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүрэлдэхүүнд албан хэрэг хөтлөлт, стандарт, нийтлэг журмын хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, зөвлөмж өглөө.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД ХУРАЛДЛАА.

2025-12-02 5
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан хуралдахтай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэх, санал дүгнэлт гаргах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын - Хууль эрх зүй, ёс зүй, Нутгийн удирдлагын хороо - Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо - Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хороо - Эдийн засаг, төсөв, санхүү, хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хороо хуралдаж байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-12-01 4
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдахаар товлогдсон. Ээлжит наймдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг улс төрийн намын бүлгүүд урьдчилан хэлэлцэж байна. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах болон аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөв батлах тухай, 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай, мөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай зэрэг бодлогын асуудлууд хэлэлцэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10115
8387 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%