ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 423

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2026-01-27 12
ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нарын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, орон нутгийн удирдлагууд Булган суманд ажиллалаа. Тус ажлын хүрээнд улсын хэмжээнд болон орон нутагт хэрэгжиж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр иргэд цаашид тариалангийн салбарт ажиллагсдыг залуужуулах, залуу тариаланчдыг дэмжих бодлого, арга хэмжээг өргөжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА.

2026-01-27 10
Тус наадамд Өмнөговь аймгийн 80 гаруй тэмээчид, 170-аад хурдан тэмээтэй ирсэн байна. Мөн Монголын хамгийн өндөр тэмээ болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Х. Оргодолын улаан зүсмийн тэмээ оролцож наадамчин олны сонирхлыг татлаа. Атан тэмээний уралдааны төрөлд Өмнөговь аймгаас гурван тэмээ айргийн тавд хурдаллаа. • Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат Нянтайн Гансүхын хөх тэмээ 2-р байр, • Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Бантгарын Өлзийсайханы улаан тэмээ 3-р байр, • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Мөнхцэцэгийн Мөнгөншагайн шар тэмээ 4-р байранд тус тус орж айрагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй өвлийн их наадам нь ирэх жил Өмнөговь аймагт зохион байгуулагдана.

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД МАНДАЛ-ОВОО СУМАНД АЖИЛЛАЛАА.

2026-01-27 10
Гишүүд Мандал-Овоо сумын иргэдтэй уулзалт хийж, иргэд дараах асуудлуудыг хөндөн санал, хүсэлтээ илэрхийллээ. Үүнд: • Төрийн албан хаагчдын бүтэц, орон тоо цомхотгосонтой холбоотойгоор нэг хүнд ноогдох ажлын ачаалал хэт их байгаа, • Мандал-Овоо сумын ЕБС 135 хүүхэдтэй тул хуульд заасан босго хангахгүйгээс нэмэлт орон тоо, ажилчид авах боломжгүй байгаа, • Малчид хил залгаа Дэлгэрхангай сумын нутагтай холбоотой хил заагийн асуудлаас болж мал маллахад хүндрэлтэй байгааг дурдан, уг асуудлаар холбогдох гишүүдэд өргөдөл өглөө. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагууд дээрх асуудлуудыг боломжит хувилбараар дэмжин, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-01-21 21
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн XI дүгээр хурал 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр танхим, цахим хослуулан хуралдлаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдааныг 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар баталлаа. Үүнд: 1. Нутгийн дэм олгох журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2. Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай 3. Өмнөговь аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тухай 5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 6. “Хурдан тэмээний уралдааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 7. Хулан хамгаалах ерөнхий төлөвлөгөө батлах тухай 8. Өмнөговь аймгийн амьтан хамгаалах болон агнуурын менежментийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 9. Ахмад настны хөгжил хамгааллын хөтөлбөр батлах тухай 10. “Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай 11. Өмнөговь аймгийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай 12. Олон нийтийн цагдаагийн тоо, сар тутам олгох урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 13. Орон нутгийн өмчийн тухай 14. Түрээсийн гэрээнээс өмчлөлийн гэрээнд шилжих иргэдийн нэрсийн жагсаалт батлах тухай 15. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 16. Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН ТҮҮХЭН ӨДӨРТ ЗОРИУЛАН "ҮНДСЭН ХУУЛИЙН ДЭГ ЖУРАМ: АРДЧИЛСАН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ, ИРГЭНИЙ БАЙХ ЗАРЧИМ" СЭДЭВТ ЛЕКЦ ТАНИЛЦУУЛЛАА.

2026-01-13 29
Монголын ард түмэн эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шударга ёсыг төлөвшүүлсэн Монгол Улсын дөрөв дэх Ардчилсан шинэ үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, Үндсэн хууль батлагдсан өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг билээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг урьж "Ардчилсан хууль дээдлэх, иргэний байх зарчим" сэдэвт лекцийг төрийн албан хаагч, оюутан сурагч, иргэд, олон нийтэд танилцууллаа.

АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-01-13 25
Аймгийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөл хуралдаж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан мэдээтэй танилцан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. 2025 онд аймгийн Улаан загалмайн хороо нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, анхны тусламжийн сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт, хамрах хүрээг өргөжүүлэн орон нутгийн байгууллагуудтай хамтран дунд болон анхан шатны хороодын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, тодорхой үр дүн гарган ажиллалаа.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ, УЛС, АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2026-01-11 17
Хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Улсын харцага Э.Даш, Ц.Мөнхбаяр, Улсын начин Д.Амарсайхан, Б.Сумъяа, Б.Мижидсүрэн, О.Түмэн тэргүүтэй бөхчүүд зодоглон барилдсанаас Дорнод аймгийн харьяат улсын заан Д.Анар түрүүлж, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан М.Баасанжав үзүүрлэж, Ховд аймгийн харьяат улсын заан Б.Бат-Өлзий, Дундговь аймгийн харьяат улсын харцага Э.Даш нар шөвгөрч үзэгч олныг цэнгүүллээ. Тус барилдааныг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн ба Өмнөговь аймгаас Ардын Их Хуралд сонгогдож ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатууд, аймгийн удирдлагууд болон төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд бөхийн барилдааныг үзэж сонирхлоо. Бөхийн барилдааныг Монгол Улсын тэргүүн бөх тайлбарлагч Ц.Батнасан тайлбарлаж иргэд олон нийтэд хүргэлээ.

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН 2 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2026-01-10 17
Жил бүр тогтмол зохион байгуулагддаг тус тэмцээнд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны 20 байгууллагын баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд С.Дүүбаяр даргатай Татварын газрын хамт олон, хоёрдугаар байранд Т.Мөнгөнтуул даргатай Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олон, гуравдугаар байранд Б.Пүрэвтулга даргатай Алтайн өвөр говийн сав газрын захиргааны хамт олон тус тус шалгарлаа. Эрэгтэй тэгш тоглогчоор аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Жамьян, эмэгтэй тэгш тоглогчоор Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Уранчимэг нар шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгчид, удирдлагууд болон ардын Их Хурлын депутатууд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулж, ажил, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-19 8
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг энэхүү тэмцээн нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үүнтэй зэрэгцэн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхийн ивээл дор шатрын оюуны спортыг дэмжих, иргэдийн сэтгэн бодох чадвар, оюуны соёлыг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь удаагаа 5-65 насны 60 гаруй тамирчдаас бүрдэн болж байгаагаараа онцлогтой. Тус нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон шатрын спортын олон улсын хэмжээний мастер Б.Халиун нар шатрын эхний нүүдлийг хийлээ. Оюуны спортын нэгэн төрөл болох шатар нь логик сэтгэлгээ, стратеги төлөвлөлт, тэвчээр хатуужлыг хөгжүүлэхээс гадна иргэдийн оюуны соёлыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд энэ зорилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж буй нь чухал ач холбогдолтой юм.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ МИНИ ПАРЛАМЕНТЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-12-09 103
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачлагаар 2014 онд “Хүүхдээ сонсъё” арга хэмжээ зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд оролцогчдоос гарсан саналын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хүүхдийн өөрөө удирдах байгууллага “Мини парламент” байгуулагдсан. Мини парламент нь хүүхэд залуучуудын үзэл бодол, санаачилгыг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэн, хэрэгжүүлэх зорилготой. 2025-2026 оны хичээлийн жилийн "Мини парламент" нь анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулж, мини парламентын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан, дарга, нарийн бичгийн даргаа сонголоо. Мини парламентын даргаар ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Дашням, нарийн бичгийн даргаар А.Цэцэнбилэг нар олонхын санал авч сонгогдлоо. Төлөөлөгч сурагчид маань хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө шинэлэг санаа, бодитой ажлуудыг санаачлан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Амжилт Мини парламент

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2026 ОНЫ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИГДЛАА.

2025-12-09 189
Өмнөговь аймгийн 2026 оны орон нутгийн төсвийн төслийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалт болон Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн боловсруулсан төсвийн төслийг өнөөдөр аймгийн Засаг дарга Н. Энхбат Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О. Эрдэнэ-Өрнөх‐д албан ёсоор өргөн барив. 2026 оны төсвийн төсөл нь аймгийн хөгжлийн зорилт, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүдийг тусгажээ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-12-09 113
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн VIII дугаар хурал 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танхим, цахим хослуулан хуралдлаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар баталлаа. Үүнд: 1. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай 2. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай 3. 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах тухай 4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай 5. "Тэмээ судлалын төв, тэмээний төрөлжсөн мал эмнэлэг" ОНӨТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай 6. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай 7. Орон нутгийн өмчийн тухай 8. Орон нутгийн үнэт цаас гаргаж, арилжих тухай 9. Аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 10. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай 11. Нэрэмжит болгох тухай 12. Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай 13.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлангийн тухай

ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-12-09 80
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны төлөөлөгчид өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллав. Уулзалтын хүрээнд тус газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх статистик үзүүлэлт, судалгаа, нөхцөл байдлыг танилцуулав. Тухайлбал: • Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал • Эцэг эх, хүүхдийн харилцааны судалгааны дүн • Гэр бүлийн орчин дахь тулгамдсан асуудлууд • Хүүхдийг үл хайхрах байдал зэрэг нийгэмд өргөн хүрээнд ажиглагдаж буй эрсдэлүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хэлэлцлээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох хороо нийгмийн эмзэг бүлгийн хамгааллыг сайжруулах, хүүхэд бүрийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлд бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-09 97
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/430 дугаар тушаалын дагуу аймаг, сумын удирдлагуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалт Өмнөговь аймагт 2025 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр нар үг хэлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Сургалтад Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн тогтвортой хөгжил, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга замын талаар онол, дадлага хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

ISO ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-09 95
Агентлагийн дарга, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, албан хаагчдад Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөлтөд хамаарах олон улсын стандарт (MNS7068:2025), түүний ач холбогдол, төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага болон чанарын менежментийн тогтолцоог төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах сургалт зохион байгуулагдаж байна.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-12-09 79
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүрэлдэхүүнд албан хэрэг хөтлөлт, стандарт, нийтлэг журмын хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, зөвлөмж өглөө.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-12-09 109
Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 94,3 хувийн ирцтэйгээр эхэлж 13 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай. 2. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай. 3. 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах тухай. 4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай. 5. “Тэмээ судлал, мал, амьтны эрүүл мэндийн төв” ОНӨААТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай. 6. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай. 7. Орон нутгийн өмчийн тухай. 8. Орон нутгийн үнэт цаас гаргаж, арилжих тухай. 9. Аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай. 10. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай. 11. Нэрэмжит болгох тухай. 12. Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай. 13. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлангийн тухай.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2025-12-09 100
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд суурилсан Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 15.2 дахь хэсэгт заасан хугацаанд баримт бичгийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймгийн Засаг даргаас өргөн барилаа.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-11-24 120
Төрт ёс, түүхэн өв уламжлалаа дээдлэн тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр” Өмнөговь аймгийн “Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган” зохион байгуулагдаж байна. Чуулганд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож, аймгийнхаа 40 мянга гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөн хүрэлцэн ирсэн оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хэлсэн үгэндээ аймаг, сумдын эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэх, хоёр хүйсийн тэнцвэртэй оролцоог хангах чиглэлд бодит дэмжлэгтэйгээр ажиллах байр сууриа илэрхийлэв. Мөн цаашид эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдний оролцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг онцоллоо.

“ЦАХИМД ЗӨВ ХҮН БАЙЯ” НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-11-24 102
Даланзадгад сумын ИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Цахим орчинд зөв хүн байя” сэдэвт нийтийн сонсголд аймгийн ИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны Төлөөлөгчид оролцож, тус сонсголоос гарсан санал, зөвлөмж, уриалгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. “Цахим орчинд зөв хүн байя”

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10115
8387 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%