ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Очирбат: Сумын ИТХ, Багийн ИНХ-ын үйл ажиллагаа, төрөөс баталж өгдөг төсөв хөрөнгийн байдал, хурал, засаг дарга нарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэгт дүн шинжилгээ хийх

2017-11-27



Монгол Улс бол төрт ёсны өнө удаан жилийн түүхэн уламжлалтай орон, 2017 оны 07 дугаар сард бид бүхэн тулгар төр байгуулагдсаны 2226 жилийн ойг даяар олноо зарлан тунхаглаж, тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүхийн энэ уудам орон зайд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эв нэгдлийг хангах, хууль журмыг дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах зорилгоор улс, үндэстнээрээ дагаж мөрдөх хууль, журмыг боловсруулан мөрдөж ирсэний анхдагч нь  “Их засаг” хууль юм, хожим XX зуунд дэлхий дахины хөгжлийн жишигт нийцүүлэн дөрвөн ч удаа Үндсэн хуулиа шинэчилэн баталсан байдаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 1992 оны шинэ үндсэн хуулинд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн заалт баталснаас хойш даруй 25 жил болж байна. Шинэ үндсэн хуулийн энэхүү заалт нь Монголд нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн хөгжих эх суурь болсон төдийгүй, үндсэн хуулийн агуулгаараа иргэдийн оролцоог хангах түүхэн үүрэг гүйцэтгэж ирлээ. Энэ цаг мөчөөс хойш Монголд нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд үе, үеийн ИТХ, Төлөөлөгчид, түүний ажлын алба их зүйлийг хийсэн гэж би хувьдаа дүгнэж явдаг.

Энэхүү илтгэлээ би онолын хий хоосон томьёоллоос татгалзаж, орон нутгийн амьдралд, өдөр тутмын ажил хэрэгт тулгарч буй бэршээл, ялангуяа хүн амын төвлөрөл ихтэй сумуудын хувьд хүндрэлтэй асуудал болох төсвийн асуудал, гэмт хэргийн гаралт, түүнийг бууруулах арга зам, баг, сумын хурал, засаг даргын ажлын уялдаа холбоонд тулгарч буй бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар өөрийн саналаа гаргахыг хичээлээ.

Үндсэн агуулга, асуудал, шийдэл эрэлхийлэх нь:

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг улам бэхжүүлэх, хөгжүүлэх асуудал яах аргагүй бидний анхаарлын төвд байх асуудал, Мэдээж энэ асуудлын хүрээнд хурлын байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны цар хүрээ,  үр нөлөөг дээшлүүлэх, боловсронгуй болгох явдал байсаар байна. Юуны өмнө НӨУЁБ болох хурал нь бүс нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангасан, орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлдог, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байгууллага болохын хувьд хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, шат, шатныхаа засаг дарга, түүний тамгын газарт чиглэл, зөвлөмж, албан даалгавар хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, төсөв санхүүг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Тус байгууллага нь сонгогч олон түмний дэмжлэгтэйгээр бүрддэг төлөөллийн байгууллага учир аливаа нэгэн асуудлыг иргэдийн оролцоотойгоор тэдний санаа бодлыг тусган мэдрэмжтэй зөв шийдвэр гаргахыг ямагт эрмэлзсээр ирсэн бөгөөд анхан шатандаа багийн ИНХ-ын үйл ажиллагааг идэвхижүүлж, иргэдийг татах арга хэлбэрийг хайх талаар санал санаачилга гарган үр дүнд хүрч байна. Гэхдээ уламжлалт арга барил, хандлагаа өөрчлөхийг өнөөдрийн нийгэм биднээс шаардсаар байна.

Сумын ИТХ-аас багийн ИНХ-д мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, өдөр тутмын чиг үүргээр хангахын зэрэгцээ, хурал, засаг даргын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар багахан судалгаа авсныг тоймлон дүгнэвэл:-

Багийн Засаг дарга таньтай /Багийн ИНХ-ын Дарга, Тэргүүлэгчидтэй/ ямар статусаар хамтран ажиллах ёстой гэж та үзэж байна бэ? Гэсэн судалгааны асуулгыг багийн ИНХ-ын дарга нарт тавихад: “Багийн Засаг дарга нар сумын ЗДТГ дээр тогтмол сууж ажлаа явуулдаг учраас биднээс хамаагүй илүү мэдээлэл сайтай байна, зарим талаар бидэнтэй мэдээллээ хуваалцах, хамт хийсэн ажлаа, өөрийн болгон танилцуулах, энэ байдлаас үүдэн, иргэдэд бид мэдээлэл муутай, ажил хийдэггүй мэт харагддаг талууд байна” гэж шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан бол эсрэгээр нь багийн Засаг дарга нарт энэ асуулгыг тавихад “Багийн ИНХ-ын дарга нар бид нарт чиглэл өгч ажиллах ёстой зарим нь тэгж ажиллаж чадаж байгаа, гэхдээ хурлынхаа Тэргүүлэгчдийг идэвхижүүлэх тал дээр муу ажиллаж байна” гэсэн байр суурийг судалгаанд оролцсон багийн дарга нар илэрхийлж байлаа.

Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар багтаа хамтран үр дүнтэй хэрэгжүүлсэн ажлаас дурдана уу? гэхэд дийлэнх нь буюу 70 хувь нь хогны асуудал, хууль тогтоомж сурталчилах ажил, багийн иргэдийг үзлэг оношлогоонд хамруулах, хандив, тусламж цуглуулах зэрэг ажлыг нэрлэж байсан бөгөөд судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь хоорондоо ойлголцол муу байгаа нь харагдаж байна.

Мөн багийн түвшинд хамтран ажиллахад хүндрэлтэй асуудал гэдэгт “Хувийн харилцаа, ёс суртахуун, тэргүүлэгчдийн идэвхи санаачилагагүй байдал, төсөв, санхүүгийн хүндрэлтэй асуудал ихэвчлэн гардаг, мөн сумаас биднийг дуудаж ажлын чиглэл өгөхдөө багийн засаг дарга нартай адилтган үзэж чиглэл, үүрэг даалгавар өгдөг ч хуулийн хүрээнд авч буй урамшууллын асуудлаас өөр дэмжлэг тусламж, нэмэгдэл цалин хөлс гэх зүйл байхгүй байгаа нь нэг талаараа урам зоригийг мохоож байдаг” гэж судалгааны асуулгад хариулсан байна.

Энэ бол хот, хөдөөгийн багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарын хоорондын харилцаа, үнэлэмжийн нийтлэг дүр зураг, тиймээс багийн ИНХ-ын дарга нарын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, чадавхижуулах бэхжүүлэх, нэр төрийг нь өсгөх ажил бидний өмнө хүлээгдэж байна.

“Үндэсний статистикийн хороо” болон “хүний хөгжлийн илтгэл – 2016”  судалгаанааны дүнгээс харьцуулан үзэхэд хөдөлмөрийн насны нийт иргэдийн 65% нь дээд боловсролтой гэсэн тоон үзүүлэлт харагдаж байна, цаашид дээд боловсролтой иргэдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй, тиймээс Багийн ИНХ-ын дарга нарт боловсролын шаардлага тавьж, орон тооны болгох, ингэснээр дээрх зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх, хурлын байгууллага анхан шатандаа бэхжих, орон нутагт жалга тойрсон улс төржилт багасах гээд олон талын ач холбогдолтой гэж би хувьдаа харж байна.

Увс аймгийн хүн амын тоо 2017 оны 10 дугаар сарын байдлаар 81.4 мянга байгаа ба, үүнээс хүн амын төвлөрөл ихтэй Улаангом, Тэс, Өмнөговь суманд нийт хүн амын 50 орчим хувь нь амьдран сууж байгаа бол, бусад аймаг, сумруу шилжин суурьших хөдөлгөөн ихтэй, хүн ам цөөтэй зарим сумд болох Түргэн, Өлгий, Давст суманд аймгийн нийт хүн амын 7,5 % нь ажиллаж амьдарч байна.

Дээрх сумдын жилийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалт ямар хэмжээтэй явж ирсэнийг 2014 – 2017 оны төсвийн гүйцэтгэлийн /Батлагдсан төсөв/ дүнгээс харьцуулахад дараах дүр зураг харагдаж байна. Хүснэгт 1.


    

Сумын нэр
    

Хүн амын тоо
    

ИТХ-ын батлагдан ирсэн төсөв  /Сүүлийн 4 жилээр/

2014
    

2015
    

2016
    

2017
    

2018 оны

төсөөлөл

      !.          Хүн ам ихтэй сумд

1
    

Улаангом
    

30954
    

106,154
    

83,704
    

64.811
    

107.848
    

108.826

2
    

Тэс
    

5297
    

73,818.2
    

74,386,5
    

53,968,3
    

51,590,1
    

54,640,5

3
    

Өмнөговь
    

4499
    

57.850.1
    

50.272.9
    

41.598.9
    

41.769.8
    

44.963.2

I.              Хүн ам цөөтэй зарим сумд
    

 
    

 
    

 
    

 

1.
    

Түргэн
    

2125
    

50.641.4
    

41.100.3
    

62.149.8
    

34.350.1
    

51.650.3

2.
    

Өлгий
    

2406
    

41.635.2
    

34.626.3
    

35.096.5
    

36.968.6
    

37.438.6

3.
    

Давст
    

1653
    

47.278.0
    

37.616.5
    

35.741.9
    

36.703.2
    

41.982.1

 

Үүнээс үзэхэд 1653 хүн амтай Давст суманд сүүлийн 4 жилд 35-47 сая төгрөгний төсөв, 2125 хүн амтай Түргэн суманд 34-62 сая төгрөгийн төсөв, 2406 хүн амтай Өлгий суманд 34-41 сая төгрөгний төсөв 2014-2017 онд төсөвлөгдөж /батлагдаж/ байсан бол 5297 хүн амтай Тэс суманд 51-74 сая, 4499 хүн амтай Өмнөговь суманд 41-57 сая төгрөгийн төсөв, 30954 хүн амтай аймгийн төвийн Улаангом суманд 64-107 сая төгрөгийн төсөв батлагдан ирж байжээ. Сумдын ИТХ-д батлагдан ирж буй дээрх төсвүүд нь төрийн үйлчилгээг хүртэж байгаа иргэдийн бодит тоо, газар нутгийн хэмжээнээс үл шалтгаалан ойролцоо дүнгээр төсөвлөгдөн батлагдаж байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна, цаашид төсвийн төсөөлөлд хүн амын нягтрал, газар нутгийн алслал, баг, сумын онцлогт тохируулан урт хугацаагаар хэрэгжүүлэх, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн тооцоолол зэргийг гарган, шаардагдах хөрөнгийг төсөвт тусган шийдвэрлэж өгч байх нь чухал юм.

Тухайлбал: Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг харьцуулан үзвэл 30.954 хүн амтай Улаангом сумын ГХУС-лэх арга хэмжээний зардал, 1653 хүн амтай Давст сумын ГХУАЗС-лэх арга хэмжээний зардалтай яг адилхан хэмжээтэй буюу 1.500.000 төгрөг байна, энэ нь гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөлийг тодруулах, хууль тогтоомж сурталчилах, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахад хүн ам ихтэй газарт хаанаа ч хүрэхгүй, батлагдсан төсвийн хүрэлцээ муу байгаагаас үүдэн урьдчилан сэргийлэх ажил тодорхой үр дүнд нэг л хүрч өгөхгүй байсаар байна.

Түүнчлэн Улаангом суманд Өрхийн Эрүүл мэндийн 4 төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сумын хүн ам 2017 оны 10 дугаар сарын байдлаар 30.954 байгаа ба энэ дүн дээр Улаангомд ажиллаж амьдарч буй 3900 орчим түр оршин суугчдыг нэмэх юм бол 34.854 иргэн болж байна. Хүн амын төвлөрөл ихсэж иргэдийн тоо дээрх байдлаар нэмэгдэж байгаагаас үүдэн харьяа яамнаас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хувиарилсан хувьсах зардал нь хүрэлцэхгүй, эм тариа, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал дээр жил бүр өр үүссэн байдалтай явж ирлээ, яг энэ бодит хүндрэл нь баг, сумын түвшинд иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд асуудал дагуулж буй шалтгаан, уг сурвалж нь болсоор байна. Тиймээс төсвийн төлөвлөлт, хувиарлалтыг хийхдээ олон талын хүчин зүйлийг анхааран үзэж, суурь судалгааг харгалзан өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэн, алс хэтийн зорилттой уялдуулах хэрэгтэй байгааг дахин энд тэмдэглэн үлдээе.

Шийдэл буюу төгсгөлийн оронд:

Шинэ үндсэн хуулиар иргэдэд олгосон эрхийг эдлүүлэх, төлөөллийн байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, төсвийн ил тод байдал, хурал, засаг даргын ажлын уялдаа холбоо, эрхзүйн зохицуулалтыг болосронгуй болгох асуудал бага багаар ахиц дэвшилд хүрч байна, Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх талаар санаа тавьж ирсэн төрийн субьект болон төрийн бус байгууллагын бүтээлч ажлын үр нөлөө юм.  

Цаашид хэд хэдэн асуудал дээр анхаарал хандуулан шийдлийг хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй байна:-

Сумдын ИТХ-ын үндсэн орон тоог багадаа нэгээр нэмэгдүүлж, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэн, иргэний /хурлын/ танхимын үйл ажиллагааг сэргээн явуулах, хурлын материаллаг бааз, мэдээлэл сурталчилгааг шинэ шатанд гаргах,

Нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдсон сонгуульт ажилтанд төсвөөс дэмжлэг тусламж байхгүй байгаа нь хичнээн сайн чадвартай хүн төлөөлөгчөөр сонгогдсон ч санал өгсөн иргэдийн хүлээлт, хүсэл эрмэлзлэлийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй, дөрвөн жилийн дараа ямар нэг зүйл санаачилан хийгээгүй гэсэн муу нэр зүүхэд хүрч байна, тиймээс сумын ИТХ-ын төсвийг нэмэгдүүлж, төлөөлөгч, хурлын хороодын ажилд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны зардлыг төсөвт тусгах,

Мөн сумдын ИТХ, Төлөөлөгч, Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн идэвхи санаачилгыг дэмжих хөшүүргийг бий болгож, аймгийн ИТХ-аас уралдаан, тэмцээн, аян зохион байгуулж бусад аймаг, сумдын тэргүүн туршлагыг танилцуулан нэвтрүүлэх ажлыг тогтмолжуулах,

Засаг дарга, түүний тамгын газартай тогтмол хамтран ажиллах, багийн ИНХ-ын дарга нарын урамшууллыг нэмэгдүүлж, орон тооны болгох зэрэг асуудлуудыг боломжит хувилбараар шийдвэрлэснээр НӨУЁ хөрснөөсөө дэлбээлж, хүн ард нь сэтгэл хангалуун, идэвхитэй тэгш оролцоотой байж, түүнийхээ үр шимийг хүртдэг болно гэдэгт би итгэлтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%