Өвөрхангай аймагт сүүлийн таван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 89 хүн нас барж, 195 хүн гэмтсэн байна. Зөвхөн 2018 оны эхний 4 сарын байдлаар таван хүн нас барж, 12 хүн гэмтжээ.
Орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсч, хүний амь нас эрсдэх явдал сүүлийн жилүүдэд өссөөр байна. Энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврин хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, заморчны аюулгүй байдал хангагдаагүй нөхцөлд хурд тохируулаагүй зэргээс шалгаалж байгаа юм.
Ялангуяа, улсын чанартай гол магистрал зам дайран өнгөрдөг аймгуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчил ихээр гарах хандлагатай байгаа тул үүнд төр засаг, мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн анхаарлыг хандуулах, бусад аймгуудтайгаа хамтран ажиллаж, санал санаачилга, туршлагаа солилцон ажил хэрэг болгох явдал чухал байна.
Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцож, тодорхой төрлийн шийдвэр гаргах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” сэдэвт хангайн бүсийн зөвлөгөөнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас өнөөдөр Арвайхээр хотод зохион байгуулж байна.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үүрэгт төрийн болон төрийн бус байгууллагаас гадна иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэн хэлье. Иргэд сонор сэрэмжтэй байвал аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой учраас иргэдтэйгээ хамтран ажиллах, тэдний дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх явдал чухал байна” хэмээн аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Ишдорж зөвлөгөөнийг нээж хэллээ.