ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдээ сонсох уулзалт Дархан сумын 1 дүгээр багт үргэлжилэв

2014-11-17

Дархан-Уул аймгийн ИТХурал нь багийн ИНХурал, Засаг даргатай хамтран “Иргэдээ сонсоё” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийг Дархан сумын 1 дүгээр багт 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Даваасамбуу, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарын аймаг сумын удирдлагууд оролцов. Мөн Дархан сумын 1 дүгээр багийн ИНХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, тус багийн Засаг дарга Ш.Энхмонгол, тус багийн 60 иргэн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэв. Үргэлжлүүлэн багт тулгамдаж буй, шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар багийн иргэдийн саналыг авч, тодорхой асуултуудад хариулт өгөв.
ИРГЭДЭЭС ГАРСАН САНАЛУУД:
1. Тус багт баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцад анхаарал хандуулж, ашиглалтанд орох хугацааг тодорхой болгох!!! /Санхүүжилтийн асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж өгөх/
2. Гэр хороолол төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл дутмаг байна. Гэр хороолол дунд тавьсан гэрэлтүүлэг асахгүй юм. Гудамжны гэрэлтүүлгийг тогтмол асааж байхыг Хот тохижуулахад хэлж өгөх!!!
Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг Төв аймгийн жишээгээр цамхагт гэрэлтүүлгээр шийдвэрлэх!!!
3. Нийтийн тээврийн үйлчилгээ хүрэхгүй байна. Орон нутгаас нийтийн тээврийн асуудлыг шийдвэртэй бодлого гаргах!!!
4. Өндөр настны автобусыг Древенгийн чиглэлд явуулах!!!
5. Гэр хороололд хогны машиныг дуудлагаар биш тогтмол ажиллуулах. Тогтмол ажиллахгүй байгаагаас гудамжуудад хогийн цэг үүсч байна. Дуудлага өгөхөөр хогны машин хүрэлцэхгүй байна гэх юм. Ш.Энхмонгол даргын зөвшөөрөлтэйгөөр Барилгачдын гудамжинд 10 хоовоо үхрийн баас, гахайны ялгадас асгачихсан. Ямар учиртай юм бэ!!!
Мөн төмөр замын хашааны эргэн тойронд хог ихтэй байна. Төмөр замын айлууд хогоо цонхоор гаргаж шидэх зэргээр ёс суртахуунгйү байна. Энэ асуудлыг хэлж ярьж өгөх
Аймгийн НААҮГазар нь самосмол машиныг нэгийг нь 20 сая төгрөгөөр худалдаж авсан тухай сонссон. Тендер нэрээр хамаг мөнгийг үргүй цацаж байна. Тендерийн ажлыг чанартай гүйцэтгүүлж байх.
6. Залуус аливаа арга хэмжээнд оролцохгүй байна. Залуусыг идэвхижүүлэх
7. Гэр хорооллын гудамжинд золбин нохой ихсэж байна. Нохой устгалын ажлыг эрчимжүүлэх!!!
8. Иргэдийн саналыг сонсож байгаа хэр нь ажил хэрэг болгохгүй байна. Чулуутын замын асуудлыг сүүлийн 5 жил ярьж, бидний зүгээс санал хэлж байна. Гэвч өнөөдрийг хүртэл хэвээрээ байсаар байна. Тэнд ямар их тоос шороо бужигнаж, амьдрахад хэцүү байгааг аймгийн удирдлагууд газар дээр нь явж үзэх танилцаж, мэдрэх хэрэгтэй байна. Ард иргэдээ сонсоод, гарсан шийдвэр хариуг эргэж мэдээллэдэг байх!!!
9. Дархан сумын 1 дүгээр багийн төвийн байр хэт хол байгаагаас иргэд хурал зөвлөгөөнд оролцох оролцоо тааруу байна. Багийн төвийг захад биш багийн иргэдийнхээ дунд шинээр барьж байгуулах!!!
10. Нүүрс борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх!!!
11. Шинээр бүтээн байгуулсан ажлууд сар ч хүрэлгүй эвдэрч байна. Хийсэн ажлынхаа гүйцэтгэл болоод арчлалт хамгаалалтанд тавих хяналтыг сайжруулах Тухайлбал: Дархан сумын 1 дүгээр багт барьсан хүүхдийн тоглоомын талбай, худаг шаардлага хангахгүй байна. Ийм ажлуудыг ажил хийсэн гэж яриад ч хэрэггүй юм. Эдгээр ажлуудтай аймгийн ИТХ-ын дарга өөрийн биеэр танилцах шаардлагатай байна.
12. Өсвөр насны хүүхдүүдийн тоглох орчин, тоглоомын талбай алга байна.
13. Шагайн харвааны спортыг аймагтаа хөгжүүлэх үүднээс бэлтгэл сургуулилт хийх байр гаргаж өгөх. Аймгийн ССАЖГ-ын даргатай уулзсан боловч дорвиотой шийдвэр гаргаагүй. Аймгийн ИТХ-ын дарга анхааралдаа авах!!!
14. Анхан шатны нэгж болсон багийн хүн амын харьцангуй байдлыг харгалзан багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарт унааны асуудлыг шийдэж өгвөл ажиллах нөхцөл дээрдэнэ гэж үзэж байна.
15. Нээлттэй утас 70371313, 70371212 –т санал хэлэхээр эргээд хариу мэдэгдэхгүй байна. Зарим үед утсаа авахгүй юм. Үүнд анхаарах зэрэг асуудлаар санал хэллээ.
“Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийн үеэр гаргасан иргэдийн саналыг судлаж, зохих хариуг өгч ажиллана гэж аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хэлсэн үгэндээ онцлов. Тэрээр цааш нь: -Аймгийн ИТХурал үндсэндээ уншиж судлах, иргэдээс ирүүлсэн саналыг хэрхэн яаж шийвэрлэх вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2015-2040 он гэхэд Дархан-Уул аймаг хэрхэн яаж хөгжих тухайд бодлогоо чиглүүлэн бичиг баримт боловсруулж, хотынхоо ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллана. Түүнчлэн судалгааны багуудыг дэмжиж, аймаг орон нутгийн хөгжлийн асуудалд хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөр, бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна гэв.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%