ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИРГЭН Б.ЦЭДЭВДОРЖИД 80 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОЛОО

2019-04-12

1937 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн иргэн Э.Батын төрсөн хүү Б.Цэдэвдоржид өнөөдөр 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олголоо.

Тэрбээр аавынхаа тухайд дурсахдаа “Манай аав малчин хүн байсан ч төр, нийгэмд идэвх зүтгэлтэй хүн байлаа. Баруунбаян-Улаан сумыг анх байгуулахад гар, бие оролцож, Нарийнтээл сумыг Цагаан-Овоо нэртэй байхад нь даргаар нь ажиллаж байсан. Тэгээд 49 настайдаа, багийн даргаар ажиллаж байхдаа танхимын хүүхдүүдэд маань, мэгзэм заасан хэргээр баригдаж байсан юм. Би тэгэхэд 10 настай хоцорч байв. Аав минь удалгүй, нэг сарын дараа цаазаар авахуулж байсан” хэмээв.

Э.Батад холбогдох хэргийг 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот магадлалаар хүчингүйд тооцон цагаатгажээ.

Б.Цэдэвдорж гуай нөхөн олговор хүлээн авч буй сэтгэгдлээ хуваалцахдаа “Аавын минь нэр төрийг сэргээж, нөхөн олговор өгч байгаа явдалд сэтгэл өндөр байна. Төрөөс харж, үзэж байгаагийн илрэл юм. Би найман хүүхэдтэй. Хүүхдүүдэд маань тав, арван цаас нь хэрэг бололгүй л яахав. Гэхдээ миний сэтгэлийн шарх их шүү дээ. Эсэргүүний үлдэгдэл нэртэй, хавчлага, дарамтанд байнга өртөнө. Сонгох, сонгогдох эрхээ хязгаарлуулна. Сургууль соёлд явахыг хорьж байсан. Тэр бүх зовлонг тоочих юм бол мөнгөөр яаж нөхөх вэ дээ. Нөхөх арга байхгүй” гэлээ.

Б.Цэдэвдорж гуай 48 жил төрд ажилласнаас 36 жилийг нь худалдааны салбарт хүчин зүтгэжээ. Уянга сумын Жаргалант багийг сум байхад нь даргаар ажиллаж байв. Тэрбээр 1982 онд аймагт анхны захыг байгуулж, үүний улмаас элдэв хэл аманд өртөж байсан түүхээ хуучиллаа. Аймагт 16 Засаг даргын “нүүрийг” үзсэн, 92 насны босго давж яваа буурайдаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлмэгдэгсдийн нөхөр, эхнэр эсвэл төрсөн, үрчилсэн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Тус хуулийн дагуу манай аймгаас 30 орчим хүн нөхөн олговор авах эрхтэй бөгөөд төвсийг шат дараатай шийдэж, хамгийн өндөр настайгаас эхлэн олгож байгаа юм.


 - Б.Чимэг -

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%