Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ өнгөрөгч баасан гарагт хуралдлаа. Хурлаар Өвөрхангай аймагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дүн мэдээтэй танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын тухайд хэлэлцлээ.
Аймгийн Цагдаагийн газар 2019 онд 4721 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд урьд онтой харьцуулахад 22.3 хувиар өссөн дүнтэй байна. Харин 613 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 57 гэмт хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд гудамж, талбайн камержуулалт, гэрэлтүүлэг нь чухал нөлөө үзүүлдэг болохыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлж байв. Тиймээс хөл хөдөлгөөн ихтэй газруудад царай таньдаг камерын тоог нэмэх, гэрэлтүүлгийн шон нь савлагаа багатай, стандартад нийцсэн байх шаардлагатайг тэрээр онцоллоо.
Мөн хуралд
оролцогчид Зөрчлийн тухай хууль бодит амьдралтай зөрчилддөг талаар жишээ ярилцаж
байсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Зөрчилтэй томёоллуудыг нэгтгээд
ГХУСАЗЗ-д хүргүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг хэллээ.
-- Б.Чимэг --