Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 он 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хамгаалах, гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэх зорилго бүхий "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" аймгийн хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Аймгийн хувьд 2020 оны байдлаар нийт 407 гэмт хэрэг бүртгэгдсэний 21 буюу 5,1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа нь өмнөх оны мөн үеэс 14 хэргээр буюу 38 хувиар буурсан байна. Гэсэн хэдийч 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оноос 25,9 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн 86 хувь нь ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулснаас үүдэлтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн зөрчлийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Богд, Тарагт, Уянга, Хужирт сумдад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл нилээдгүй бүртгэгдсэн, зарим сумдад сүүлийн 3-5 жилд огт бүртгэгдээгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлгүй сум шиг харагдаж байгаа хэдий ч илрүүлэлт хангалтгүй байна гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон 155 хүний 127 буюу (9) хувь нь эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх гэмт хэргийн 21 хохирогчийн 18 (85.7) хувь нь эмэгтэйчүүд, 1 буюу 4.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэд, төр, төрийн бус байгууллагын оролцоо сайжирах , далд хэлбэрийн хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэх, мэдээллийн нэгдсэн сантай болох , гэр бүлийн боловсрол олгох сургалтын нэгдсэн хөтөлбөр хэрэгжих, гэр бүлд чиглэн ажиллах мэргэжлийн боловсон хүчний тоо нэмэгдэх, зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагааны хүртээмж дээшлэх зэрэг эерэг үр дүн гарах юм.