Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа.
Наймдугаар сарын 23-ны байдлаар Увс аймагт Коронавируст халдварын 3530 тохиолдол бүртгэгдсэний дотор зургаа нь дельта вирусийн халдвар болох нь ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дельта вирусийн тохиолдлууд нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн сорьцоос илэрсэн тул тандалт судалгааг эрчимжүүлж, хяналтад аваад буйг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа танилцуулаад, Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал хомсдолтой байдаг тул сургууль төгссөн залуу боловсон хүчнийг гэрээгээр ажиллуулах боломжийг бүрдүүлж өгөхийг Шадар сайдад уламжлав.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвд өдгөө 153 хүн хэвтэн эмчлүүлж буй бол гэрийн тусгаарлалтад 269 хүн эмчлэгдэж буй бөгөөд 4D эхо аппарат, зөөврийн рентген аппарат болон түргэвчилсэн оношлуур шаардлагатай байгааг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамж хүрэлцээтэй байгаа учраас өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулах асуудал гараагүй юм.
Увс аймагт тээвэрлэлтийн асуудлаас болоод вакцинжуулалт удаашралтай байсан ч одоо жигдэрч, нийт хүн амын 83.7 хувь нь нэгдүгээр тунд, 74.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. 12-17 насны хүүхдүүдийн 65 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байгаа учраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө вакцинжуулалтаа эрчимжүүлж, сурагчдыг бүрэн тунд хамруулахыг холбогдох албаныханд Шадар сайд үүрэг болголоо.
Мал аж ахуй, газар тариалан хосолдог Увс аймагт өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хангагдаж байгаагийн зэрэгцээ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангах тал дээр аймгийн Онцгой комисс анхаарч ажиллаж буйг Увс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Чимэд , МУ-ын шадар сайд, УОК-ын дарга С. Амарсайханд танилцуулав.