ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Их-Уул, Хуягт сумдад байгуулагдаж байсан нэгдлүүд.

2023-03-27

Их-Уул, Хуягт сумдад байгуулагдаж байсан нэгдлүүд.
1955-1959 онд манай орон даяар ардын аж ахуйтныг хоршоолох, малыг нийгэмчлэх зорилго бүхий "Нэгдэлжих хөдөлгөөн" эрчимтэй өрнөжээ. Энэ үед одоогийн Их-Уул сумын нутаг дэвсгэр дээр ардын аж ахуйтны дараах 5-6 нэгдэл үүсч байгуулагдсан баримт мэдээ байдаг.
1955.06.18-ны өдөр Их-Уул сумын нутаг Зартад Иргэнбуугийн Норовсамбуу, Шагдарын Дашравдан, Уушийн Чадраа, Даржаагийн Батбаяр, Д.Чулуунбат, Б.Мижид, Ж.Шагж, Ж.Ядамсүрэн, Д.Пүрэвпилжээ нарын 18 өрхийн 41 хүн 1433 толгой мал, 1500 төгрөгийн эд хогшил нийлүүлэн нэгдэл байгуулж " Хөгжил" гэж нэрлэн даргаар нь И.Норовсамбууг сонгожээ.
Хуягт суманд багш Намсрай санаачлан 1956.05.01-ний өдөр Г.Ладшир, Д.Мянган, М.Гончигван, Д.Шагдар, Д.Мижид, Д.Сэдваанчиг, Г.Махбазар, Д.Довчин, Э.Гомбо, Цунцуу хэмээх Шагдар, Лувсандагва дархан нарын 16 өрхийн 29 хүн хуралдан нэгдэл байгуулж 984 толгой мал, 1600 төгрөгийн эд хогшил нийлүүлж нэгдлээ "Үүрийн туяа" гэж нэрлэн даргаар нь Г.Ладширыг сонгожээ.
1956 оны намар Хонгор багийн нутаг Бургаст, Цохиот, Хуягтын ам орчмын айл өрх нэгдэн Д.Гэндэнпүрэв даргатай Загдраднаа, Далх, Дашлхагва нарын 20 гаруй өрх нэгдэл байгуулж нэгдлээ "Их нөхөрлөл" гэж нэрлэсэн байна.
1957 оны 06 сард Тэх, Бургаст, Жаргалант, Хужирт, Цагаан сайр орчмын айл өрхүүдийг хамарсан Т.Гочоо, Т.Дашзэвэг, Хүндхай хэмээх Цэрэндагва, жинчин Бат-Очир, Бадамрагчаа, Цийрэгзэн нарын 20-иод өрх хамтран "Жаргалант" хэмээх нэгдлийг үүсгэн байгуулж даргаар нь Т.Гочоог сонгожээ.
1957 оны зун дээд Цэцүүхийн адаг, дунд Цэцүүхийн нутаг, айл өрхүүдийг хамран "Цэцэглэлт", "Хамтын хүч" гэдэг нэгдлүүд үүсч байгуулагдаж байсан тухай мэдээ баримт байдаг.
Нэгдэлжих хөдөлгөөний явцад нэг суманд хэд хэдэн нэгдлүүд үүсч байгуулагдсан тул эдгээр нэглүүдийг нэгтгэх бодлогын хүрээнд 1959 онд Их-Уул сумын "Хөгжил", "Хамтын хүч", "Цэцэглэлт" нэгдлүүдийг нэгтгэн томсгож "Хөгжил" нэгдэл хэмээн нэрлэжээ. Мөн Хуягт сумын "Үүрийн туяа", "Жаргалант", "Их нөхөрлөл" нэгдлүүд нэгдэж "Жаргалант" нэгдэл болон зохион байгуулагджээ.
Эх сурвалж: Эх Түүх 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%