Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 оны төсвийг баталлаа. 2025 онд Орхон аймаг улсын төсөвт 145.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 184.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Аймгийн цахилгааны хангамжийг сайжруулах ажилд урьдчилсан тооцооллоор 77 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 2025 оны төсөвт 39,9 тэрбум төгрөгийн ажил хийхээр баталлаа.Цахилгаан эрчим хүчийг сайжруулах чиглэлээр 35 кВт-ын тойрог схем үүсгэх, цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажил хийгдэх бөгөөд уг ажил хийгдсэнээр гэр хорооллын Эрдэнэ, Чингэл, Дэнж, Яргуйт, Их залуу, Уртын гол, Цагаанчулуут, Рашаант, Даваат, Наран, Баянбулаг, Баянцагаан Булаг, Бүрэнбүст багийн 9812 хэрэглэгч хүчдэлийн уналтгүй болох боломж бүрдэх юм.
Инженерийн шугам сүлжээний нэвтрэх чадварыг сайжруулж өргөтгөн шинэчлэх, ус дулаан хуваарилах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 29,6 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай тооцоо гарсан бөгөөд эдэлгээний хугацаа дууссан шугам сүлжээний 7-8 хувийг 2025 онд шинэчилж өргөтгөх юм. Мөн 2025 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Технологийн усны нөөц шугам шинээр барихад 5,3 тэрбум, Орон сууцны байруудын цахилгаан шат засварлах 3.2 тэрбум, хот доторх гэрэлтүүлэг 3.5 тэрбум, төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэлд 15.3 тэрбум төгрөгийг тус тус баталлаа.
Мөн аймгийн ИТХ-ын III хуралдаанаар 2024-2028 онд хэрэгжих Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд
1. Хойд бүсийн хөгжилд орон нутгийн оролцоо,
2. Хүний хөгжил,
3. Эдийн засгийн бодлого,
4. Хүний эрхэд суурилсан засаглал дөрвөн бүлэгт 19 үйл ажиллагаа, 151 зорилтыг хэрэгжүүлнэ.
Мөн Орхон аймгийн хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулна.
1. Оюутын орд болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх ажлыг эхлүүлж, эрэл, хайгуулын ажилд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ.
2. Эрдэнэт хотын цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барьж ашиглалтад оруулна.
3. “Төлөвлөлттэй хот”, “Цэвэр агаартай хот”, “Ногоон хот” төслүүдийг хэрэгжүүлнэ.
4. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хаягдлын шинэ сан байгуулна.
5. Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн машин үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэл, тоног төхөөрөмж ба бусад төрлийн метал, резинэн хийцийн эд ангийн үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.
6. “Сургалт-Эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолбор" хотхоныг байгуулан шинжлэх ухаанд суурилсан оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
7. “Эрдэнэт спорт цогцолбор”-ыг шинээр байгуулна.
8. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт- сэргийлэлтийн төв” байгуулах зэрэг томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус тусгажээ.