Тус баярт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцож, баярын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ жилийн баяр наадамд гадаад, дотоодын жуулчид олноор хүрэлцэн ирж, тэмээний соёл, малчдын ахуй амьдрал, говийн онцлогийг сонирхон үзсэн нь онцлог байв. Наадмын хүрээнд:
• Тэмээний уралдаан, буухиа
• Тэмээтэй сайхан хос
• Түмэн тэмээний баяр гэрэл зургийн үзэсгэлэн
• Тэмээн поло
• Мөсний сурын харваа, буухиа тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байна.
Наадамчин олон энэхүү баярыг “жинхэнэ утгаараа малчдын баяр” хэмээн үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэмээн соёлыг хадгалан хамгаалах, залуу үед уламжлуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцолж байв.
“Түмэн тэмээний баяр” нь зөвхөн баяр наадам төдийгүй, орон нутгийн аялал жуулчлал, эдийн засгийг дэмжих, Монголын говийн бүс нутгийг дэлхийд сурталчлах чухал брэнд арга хэмжээ болон улам бүр өргөжин хөгжиж байна.
