Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "Таван Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Мандал-овоо сумын Мандал багийн малчин Сумаагийн Бямбадорж болон Цэцэгдэлгэрийн Шүрэнчимэг нар “Алтан ишиг”-ны эзэн боллоо.
Шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга Г.Сүхбаатар, Мандал-Овоо сумын Засаг дарга Ж.Байгаль нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
1995 онд мал аж ахуй дээр гарч малчин болсоноос хойш 23 жил мал маллаж, сүүлийн 3 жилд төлөө өсгөн 1339-1699 толгой мал тоолуулан ямаан сүргээ өсгөж, чанар, үүлдэр угсааг нь сайжруулан 535 төл бойжуулжээ. Тэрээр мал маллагааны арвин туршлагатай бөгөөд 2021 онд “Сумын аварга малчин”, 2022 онд Мандал-Овоо сумын мянгат малчин болж байсан юм.
“Алтан ишиг”-ны эзэн болсон С.Бямбадорж, түүний гэргий Ц.Шүрэнчимэг нарт баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
