Тус хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан санаачлан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хүсэлтээр хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгыг гишүүний ажлын албанаас хэлэлцүүлэгт оролцогчдод цахимаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл идэвхтэй оролцож, дараах чухал саналуудыг гаргалаа. Үүнд:
• Багш нарын хэт их ачааллыг бууруулах, үндсэн сургалт, хүмүүжлийн ажилдаа төвлөрөх нөхцөлийг бүрдүүлэх;
• Сурагчдын эрүүл мэндтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгах. Тухайлбал биеийн тамирын хичээлд хамрагдахаас өмнөх эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтын хяналтыг сайжруулах;
• Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлого, арга хэмжээг хуулийн төсөлд оруулах;
• Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоог тодорхой болгож, эцэг эх-сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах;
• Сурагчдын өөрөө удирдах байгууллага (СӨҮЗ)-ын үйл ажиллагааг дэмжиж, идэвх санаачилагатай, хүмүүнлэгийн ажилд оролцдог сурагчдыг урамшуулдаг байх;
• Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, төсвийг сургууль дангаар хариуцна гэсэн заалтыг хасах;
• Сургуулийн ойр орчим дахь хүнсний аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангахгүй хүнсний худалдааг хязгаарлах зохицуулалтыг хуульд тусгах;
Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагт анх удаа санаачлан зохион байгуулж, иргэдээс үнэтэй санал өгсөнд хууль санаачлагчдын зүгээс талархал илэрхийллээ.

