ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦАГ ҮЕИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал, төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилго, үзэл баримтлал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тайлан мэдээллийг танилцууллаа.
Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ахлах шинжээч А.Пүрэв, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ч.Чулуунбат, аймгийн ИТХ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хорооны дарга Б.Жамъянсүрэн, сумдын ИТХ-ын Хурлын дарга, Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн “Өмнөговь корпорац” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Эрдэнэдорж болон бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, тайлан мэдээллээ танилцуулж, оролцогч талуудтай харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Газрын тосны тухай хуулийн 4.1.14-т “Бүтээгдэхүүн хуваах гэpээ гэж Газрын тосны тухай хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг” хэлнэ гэж заасан байдаг.


