ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭМГЭНЭЛ

2026-05-21

ЭМГЭНЭЛ
Цэдэнбалжирын ИДЭРЗОРИГ /1978-2026/
Бид бүхний Эрхэм журмын нөхөр Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Монголын Үндэсний шагайн харвааны холбооны дэд ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн Шагайн салбар холбооны Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, аймгийн алдарт уяач, аймгийн начин Цэдэнбалжирын Идэрзориг нь 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар таалал төгсөж, говь нутгийн зон олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ц.Идэрзориг нь 1978 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрж, 1986-1994 онд Ханбогд сумын дунд сургууль, 1994-1996 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 жилийн сургууль, 1996-2000 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөж, 2006-2009 онд “Эко-Ази” дээд сургуулийг Байгаль хамгаалагч, экологич мэргэжлээр дүүргэсэн төдийгүй 2020-2023 онд Засагт хан дээд сургуульд Боловсролын удирдлагын Магистрын зэрэг хамгаалсан байна.
Тэрээр ажил мэргэжлийн гараагаа 2000-2001 онд Ханбогд сумын дунд сургуулийн багш, 2002-2006 онд “Оюу толгой” ХХК-ийн геологийн хэлтэст дээжлэгч, 2006-2009 онд “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-нд мэргэжилтэн, 2009-2013, 2021-2023 онд “Хан дизель” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал, 2014-2021 онд “Ханжавхлант” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2024 оноос Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байв.
Ц.Идэрзориг нь 2008-2012, 2012-2016, 2016-2020, 2020-2024, 2024-2028 онуудад Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр тасралтгүй сонгогдон ажилласан ба 2014-2023 онд Ханбогд сумын Ардчилсан намын даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан төдийгүй Ханбогд сумын “Тэмээн соёл” уяачдын холбооны тэргүүн, “Галбын хүлэг”, “Шагайн харваа холбоо”-ны тэргүүлэгч зэрэг сонгуульт ажилд нэр төртэй ажиллаж байсан юм.
Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагыг хөгжүүлэх их үйлст манлайлан ажиллаж, Монголын Үндэсний өв соёл, Үндэсний бөх, Шагайн харвааны спортод оруулсан нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг Өмнөговьчууд бид мартах учиргүй.
Монгол Улсын төрөөс түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалиуд, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.
Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, эгэл даруу хүнлэг энэрэнгүй, хүний төлөө тусч сайхан зан чанарууд байгууллага, хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Гэр бүл, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%