БНСУ-ын Жонбук мужийн Соёл, аялал жуулчлалын сангийн тэргүүн Ли Кёнг Юн (Lee Kyungyoon), Урлаг, соёлын газрын гүйцэтгэх захирал Хон Сын Кван (Seungkwang Hong), Даланзадгад хотын Засаг дарга Ц.Дэнээдорж болон холбогдох албаныхан аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Жонбук мужийн Соёл, аялал жуулчлалын сангийн тэргүүн Ли Кёнг Юн БНСУ-аас Монгол Улс, тэр дундаа Өмнөговь аймагт зорчих жуулчдын тоо тогтмол өсөж байгааг онцлов.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аялал жуулчлалын салбарын хөгжилд жуулчдын аюулгүй байдал чухал болохыг онцлон, аймаг орон нутагт ирж буй дотоод, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн талууд Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцлогийг БНСУ-ын жуулчдад сурталчлах зорилгоор Жонбук мужид ирэх 9 сард сурталчилгааны эвент арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.



