Уул уурхайн салбарын менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий Сайд 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр албан даалгавар гаргасан байна. Уг албан даалгаврын хүрээнд ажиллаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс болон холбогдох төрийн албан хаагчидтай уулзлаа.
Тус албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрх бүхий албан тушаалтнууд аймгийн Засаг даргын А/973 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс Өмнөговь аймагт хяналт шалгалтыг эхлүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн баруун бүсийн сумд болох Гурвантэс, Ноён, Баяндалай сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч 10, туслан гүйцэтгэгч 18, тэсэлгээний ажил эрхэлдэг 3 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан хяналт шалгалтыг хэрэгжүүлээд байна.
Уулзалтын үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан зарим бүтээн байгуулалтын ажил удааширч, зогсонги байдалд орсныг илэрхийлж авто болон төмөр замын салбарт хэрэгжүүлэхэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журамд орон нутгийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хамруулах асуудлыг Засгийн газарт уламжилж, шийдвэрлүүлэх саналыг хамтарсан ажлын багт хүргүүлэв.


