Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Монгол эмнэлгийн хорооны дарга Ню Вэньжуань болон эмч төлөөлөгчидтэй уулзаж, Өмнөговь аймагт хоёр өдрийн хугацаанд 300 гаруй иргэнд үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар зарлигийн дагуу уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр улс орон даяар онцгойлон анхаарч байгааг дурдаад уламжлалт анагаах ухааны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар талуудтай санал солилцлоо.
Мөн энэ оны 10 сард аймгийн ИТХ-аас “Уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлага, боломж, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бодлогын хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачдаа оролцуулж, илтгэл хэлэлцүүлэн, туршлага мэдээллээ хуваалцахыг урив.
