ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өнөөдөр Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөр

2015-01-13

Ардчилсан Үндсэн хуулийн төслийг одоогоос 23 жилийн өмнө  нийт ард түмнээр гурван сарын хугацаанд хэлэлцүүлж, сонгогчдын 75 орчим хувь оролцож, 200 мянган санал авсан. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж, 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан түүхтэй.

Өмнө нь 1924, 1940, 1960 онуудад тухайн үеийн нийгмийн харилцааг зохицуулж байсан Үндсэн хуулиуд батлагдаж, Монгол улс 4 удаа Үндсэн хууль баталсан байна.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийтийн /төрийн/ болон хувийн өмчтэй байх зэрэг хүний эрх, эрх чөлөөг тунхагласан нийгмийн цоо шинэ тогтолцоо буюу хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бий болгосон, төрийн засаглалын хэлбэрийн хувьд Парламентат, төрийн байгууламжийн хувьд Нэгдмэл, төрийн байгуулалын хувьд хууль тогтоох-УИХ, гүйцэтгэх-ЗГ, шүүх эрх мэдлийн байгууллага зэргийг тунхагласнаараа дэлхийн улс орнуудын жишигт нийцсэн Үндсэн  хууль болсон юм. Үндсэн хууль нийт ард түмний санал асуулгаар батлагдаж, төрт ёс, хууль ёс, хэв журмын үндэс, төр улсын гол, суурь болж өдгөө 20 гаруй жилийн дараа ч нийгмийн тулгуур харилцааг зохицуулж шинж чанар, ач холбогдлоо хэвээр хадгалсаар байгаа чухал баримт бичиг юм.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ач холбогдол, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлалыг олон нийтэд хүргэх зорилгоор жил бүр төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн хувьд Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өсвөр үе, ЕБС-ын сурагчдын дунд жил бүр зохиогддог “Үндсэн хууль миний амьдралд” илтгэлийн уралдаан, Алтанговь Телевизтэй хамтарч Төрийн албан хаагчдын дунд “Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн АХА тэмцээн, Үндсэн хууль баталхад аймгаас оролцсон депатуудтай аймгийн төвийн сургуулийн багш нарын уулзалт зохион байгуулж, өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Үндэсний бөхийн барилдааныг Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна.

Монгол Улс тусгаар, бүрэн эрхт гэдгийн илрэл болсон Үндсэн хуулиа баталсан өдрийг Монгол хүн бүр анхааран, Үндсэн хуулиа дээдлэн сахин хүндэтгэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлалыг танин мэдэж байх нь туйлын чухал юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%