ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэд төрийн шийдвэр гаргахад оролцоно.

2015-01-16

       Үндсэн  хуульд “УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг  эрхэмлэж ажиллана” гэж заасан. Энэ утгаараа УИХ гэдэг  ард түмний төлөөлөл.  Өнөөдөр УИХ дээр хууль батлагдах, тодорхой бодлогын шийдвэр гаргахдаа мэдээллийг зөвхөн албан тушаалтнууд, дарга нараас авдаг, хүний эрх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хэлэлцэхдээ олон нийтийн саналыг  авдаггүй, ёсзүйн алдаа, хууль зөрчсөн албан тушаалтныг албан тушаалд шууд томилдог, УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар биелүүлдэггүй зэрэг буруу жишиг тогтжээ. Энэ гажуудлыг засах Нийтийн сонсголын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан  өргөн барьж, өнөөдөр УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байна.
      Монгод Улсад нийтийн сонсголыг өмнө нь хуульчилж өгөөгүй, Төрийн  байгуулалтын, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Нээлттэй сонсголын  журмаар  зохицуулж байж. Хуулиар зохицуулаагүй учраас өнгөрсөн хугацаанд энэ журмаар ердөө 10 гаруй удаа сонсгол явуулсан байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа хийсэн нээлттэй сонсголоос өөр  нийтийн сонсгол хийж байсан жишээг  олон нийт мэдэхгүй болов уу.


      Нийтийн сонсгол хийх асуудлыг хуульчилснаар аливаа томоохон шийдвэр гаргах, албан тушаалтанд хариуцлага тооцох, хууль батлах зэрэгт дарга нараас гадна мэргэжлийн холбоод, судлаачид, ТББ, ажиглагч иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэргийг хамруулан тодорхой дэгийн дагуу мэдээлэл авдаг болно. Нийтийн сонсгол  нээлттэй хэлэлцүүлгээс дэг, үнэн бодитой мэдээлэл өгөх үүрэг, хариуцлага оногдуулах байдлаараа ялгарах юм.  Өнөөдөр төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах журам музей үзэх төдийгөөр хязгаардагдаж  байгаа нь үнэн. Аль нэг гишүүний урилгаар төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцаж буй иргэд хэдэн өрөө тасалгаа, түүхэн гэрэл зурагтай танилцаж чуулганы танхимын индрээс УИХ-ын даргын мэндчилгээг хүлээн авч алга ташсанаар өндөрлөдөг. Тэгвэл нээлттэй сонсгол хийснээр иргэн төрийн шийдвэр яаж гардагийг өөрийн биеэр үзэх, түүнд оролцох боломжоор хангагдах  аж.

 

Сонсгол хийх хүсэлт гаргах эрх хэнд ч нээлттэй

       Сонсгол хийх хүсэлтийг иргэн, УИХ-ын гишүүн хэн ч гаргаж болно. Хуулийн төсөлд  хүний эрх, нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөх, улс орны эдийн засаг, байгаль орчны асуудал үүнд хамаарна гэж тусгажээ. Гэхдээ хүсэлт гаргасан иргэн тухайн байнгын хорооноос дэмжлэг авах, УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 19-ээс дээш гишүүнээр дэмжүүлсэн тохиолдолд сонсголыг хийх эрх үүснэ. Энэ заалт сонсгол хийх хүсэлт гаргасан иргэн, УИХ-ын гишүүнд адил тэгш үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд  Монгол Улсын иргэн  төрийн удирдах хэрэгт шууд оролцоно гэж заасан ч сонгуулиас бусад үед оролцож чадахгүй байгаа байдлыг нийтийн сонсголын хуультай болсноор өөрчилнө гэсэн үг. Нөгөө талаас иргэн төрийн шийдвэр гаргахад бодитойгоор оролцож буй нэг хэлбэр болж чадна.    Нийтийн сонсгол хийснээр ямар нэг төрийн шийдвэр гарахгүй ч байнгын хороо, УИХ шийдвэр гаргахад томоохон баримт бичиг, үнэн бодитой мэдээллийн эх үүсвэр болно гэдгээрээ ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байна. Өнөөдөр бодит байдал дээр  олон  нийтийн эрх ашиг, хүний эрх хөндөгдсөн асуудлаар иргэний гаргасан санал байнгын хороон дээр дарагдаж үлддэг  бурангуй тогтолцоо үйлчилж байгаа нь үнэн. Тэгвэл нийтийн сонсголын тухай хуультай болсноор  иргэдээс ирж буй үнэ цэнэтэй санал санаачлагыг төрийн шийдвэрт тусгадаг болох нь. Нийтийн сонсголын хэлэлцүүлгээс ялгаатай өөр нэг зүйл нь сонсголд оролцох зарлал авсан иргэн, гэрч, албан тушаалтан, УИХ-ын гишүүн хэн ч бай заавал өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох үүрэгтэй. Хэрэв сонсголд ирээгүй, худал мэдээлэл өгсөн бол хариуцлага тооцох нэг ёсны шүүх хурал юм байна.

 

УИХ-ын гишүүн хууль зөрчсөн эсэхийг сонсголоор тогтооно

         Нийтийн сонсголын нэг төрөл нь мөрдөн шалгах сонсгол. Олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хуульзүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, УИХ-ын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг энэ сонсголоор тогтооно. Энэ төрөл УИХ-ын гишүүдэд хамгийн их хамаатай. Өнгөрөгч лхагва гаригийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд Нийтийн сонсголоор УИХ-ын гишүүний хууль зөрчсөнийг тогтооно гэсэн нь Үндсэн хуульд заасан гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэсэнтэй зөрчилдөж байгааг лавласан. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Үндсэн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн эсэх гэм бурууг шүүх тогтооно” гэж заасан. Харин хууль зөрчсөнийг өнөөдөр маш олон байгууллага тогтоож байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагч, замын цагдаа, мэргэжлийн холбоод гээд  хууль  зөрчсөнийг тогтоож  буй төрийн олон институт байна. Тэгэхээр шүүх ганцхан хууль зөрчсөнийг тогтоодоггүй гэсэн үг. Хууль зөрчсөнийг тогтоох, гэм бурууг тогтоох гэдэг ялгаатай ойлголт” гэх хариулт өгснийг энд дурдах хэрэгтэй.

Сонсголын долоон төрлийн тухай

      Дэлхийн улс орнуудад хууль тогтоох, хяналтын, мөрдөн шалгах сонсголын гурван төрөл хамгийн түгээмэл байдаг аж. Монгол Улсад анх удаагаа боловсруулсан Нийтийн сонсголын хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Хуулийн төсөлд тусгагдсан хууль тогтоох сонсгол  хууль тогтоогчдод илүүтэй хамаатай бөгөөд аливаа хуулийг батлагдахаас нь өмнө нийтийн сонсгол хийж иргэдийн саналыг тусгана гэдэг санаа. Манайд баярын үеэр, хэн нэгэн нам улстөрийн болон гадныхны эрх ашигт үйлчлэх, ард түмний эрх ашгийг ноцтой хөндөх хуулиуд гэнэт батлагдах нь бий. Үүнээс сэргийлсэн, хууль бус ашиг сонирхлыг таслан зогсооход нэмэртэй сонсголын төрөл гэж үзэж буй. Харин ерөнхий хяналтын гэдэгт УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар хангах, тогтоолыг зөрчсөн салбарын сайдад хариуцлага тооцох  асуудал хамаарна. Энд төсвийг буруу захиран зарцуулсан асуудал ч орох юм. Өөрөөр хэлбэл парламентын  гаргасан шийдвэр, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох механизм бий болно гэсэн  үг.

       Мөн УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд ямар нэг албан тушаалтныг томилогдохын өмнө томилгооны сонсгол хийж, тухайн албанд  томилох эсэхийг  шийднэ. Тодруулбал тухайн хүн мэргэжлийн хувьд өндөр мэдлэгтэй ч өмнөх ажилдаа  хууль зөрчсөн үйлдэл хийсэн талаарх мэдээлэл, санал гарсан бол үнэн бодитой эсэхийг сонсголоор хэлэлцэж шийдэх юм. Тэгвэл орон нутгийн сонсгол гэдэг нь УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн ИТХ-ын хүсэлт, тухайн асуудал хариуцсан Байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулж байх зохицуулалт. Үүнд орон нутаг дахь  байгаль орчин, иргэдийн амьдралын аюулгүй байдлыг хөндсөн асуудлууд хамаарна. Харин захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн  сонсголын төрлийг парламентийн засаглалтай орнуудын жишгээр хуулийн төсөлд  тусгасан байна.

       Өнөөдөр бодлого боловсруулах, шийдвэр гаргах ажиллагаан дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний үгийг сонсох, санаа бодлыг хууль тогтоогч, шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо алга. Тиймээс төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцлийг бүрдүүлэх ач холбогдол бүхий Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг  УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хийнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%