ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

2015-05-08

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.08/ Өмнөговь аймгийн иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэд УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэн, тус сумын цэнгэг усны ундрага болсон Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй ирснээ танилцуулав. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн төлөөлөл уг асуудлаар үдээс өмнө Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзсан болохоо танилцуулаад, өнөөдрийн байдлаар нутгийн иргэд тайван аж төрж байгаа хэдий ч ус ундныхаа асуудалд байнга санаа зовж, Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах вий гэсэн түгшүүртэй байдаг. Энэ нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах юм бол нуур орчмын айл өрхүүдийн аж амьдрал доройтох төдийгүй Өмнөговь аймгийн экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй талаар мэргэжилтнүүд анхааруулдаг. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Мөн тус ордыг ашиглах гэрээнд Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулах заалт орсон гэдгийг дуулаад, гэрээнд ойрын хугацаанд гарын үсэг зурж магадгүй гэсэн учраас хаврын ид ажлаа орхин Улаанбаатар хотод ирж, УИХ-д хандаж байгаагаа танилцууллаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлаар Өмнөговь аймгийн ИТХ-аас шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа нь лавтай. 2014 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд Өмнөговь аймагт ажиллах үеэр Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх шийдвэр гарсан талаар надад аймгийн удирдлагууд танилцуулж байсан. Аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэртэй Ханхонгор сумын иргэд санал нэг байгаа гэж ойлгож болох уу?” хэмээн тодруулан асуусан юм.

Дээрх шийдвэрийг Ханхонгор сумын иргэд бүрэн дэмжиж байгааг УИХ-ын даргатай уулзаж буй иргэд баталсан. Түүнчлэн Тавантолгойн ордыг ашиглах асуудал улс орны хувьд чухал хэдий ч байгаль орчин, тухайн бүс нутгийнхаа экосистемийн аюулгүй байдал, нутгийн ард иргэдийн аж төрлийг харгалзан тус ордыг ашиглах тохиолдолд Балгасын улаан нуурыг үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж өгнө үү гэсэн Ханхонгор сумын нийт иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжиллаа.

УИХ-ын дарга З.Энхболд нүүрсийг усаар биш элсээр угаадаг технологи байдаг хэмээн танилцуулаад, Тавантолгойн ордыг ашиглахдаа нүүрс угаах бол энэ технологийг ашиглуулах шаардлагыг тавина. Энэ тохиолдолд уурхайн үйлдвэрлэлд ус ашиглахгүй болохыг тэмдэглэв.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэд УИХ-ын даргын дуулгасан мэдээлэд тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%