ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ТУСЛАЦГААЯ "НЭГ ХҮҮХЭД-НЭГ НЭМНЭЭ"

2016-03-10

Манай орны ихэнх аймаг, сумдын малчид өвлийг хүндхэн давж, хавартай золгож байгаа хэдий ч хаваржилтын байдал цаашид хүндэрч болзошгүй талаар цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарч байна. Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь зузаан цасан бүрхүүлтэй, тухайлбал, Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 18 аймгийн 98 сум цагаан зудтай, цасны зузаан 18-42 см байна. Иймд эх орны эрдэнэ, иргэдийн аж амьдралын эх үндэс болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрсдлээс хамгаалах, малчин түмэндээ туслах тухай Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачилга, үйл хэргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам талархан дэмжиж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас малчин түмэндээ туслах "Нэг хүүхэд -нэг нэмнээ",  "Малчин оюутан" аяныг 3 дугаар сарын 3-наас эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулна. Аяны хүрээнд бод, бог малын нэг буман нэмнээг малчдад нийлүүлж, нэг түмэн оюутан хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлнэ. "Нэг хүүхэд-нэг нэмнээ" аяныг ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгуулна. Аяны хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэт материалаар малын нэмнээ оёно. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулна. "Малчин оюутан" аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулна. Хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгоно. Малчин түмэндээ туслах "Нэг хүүхэд-нэг нэмнээ", "Малчин оюутан" аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд уриалж байна. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%