ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллав.

2016-03-07

УИХ-ын дарга говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016.03.06-ны өдөр Өмнөговь аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авсан юм.
Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан “Монгол тэмээ 999” арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд төрөөс тэмээчдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймагт ажиллах эхний өдрөө тус зөвлөгөөний нээлтэд оролцов.


Улсын Их Хурлын дарга зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Зөвлөгөөнд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээчид биш, тэмээтэй бүх аймгийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Би Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар аймгуудад ажиллах орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж байна. Сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээ бий. Р.Бурмаа сайдын санаачилсан “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бүх малчныг сайн малчин болгох зорилт тавьсан. Сайн малчин бол бүх мал нь эрүүл, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчны дансаа хэрэглэдэг, тамга тэмдэгтэй, амьжиргаагаа авч явах хэмжээний малчин байх хэрэгтэй. Мал эрүүл байх юм бол мах, сүү, арьс ширээ экспортлох боломж малчдад бүрдэнэ. Тиймээс дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ экспортлох хэрэгтэй. Үүний тулд мал эрүүл байх шаардлагатай.


Төрийн банк малчны зээлийн хүүгээ бууруулсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бол малчин дансаа ашигладаг бол малчны зээлийн хүү жилийн 18 хувь байгаа нь 10 хувь болж буурна. Төрийн банк бүх зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжтой. Төрийн банк гурван төрлийн шалгуур хангасан малчныг энэ сарын 15-наас хөнгөлөлттэй зээлд хамруулах болно.
Дэлхийд байдаг хоёр бөхтэй тэмээний гуравны хоёр нь Өмнөговь аймагт бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь дэлхийн брэнд болгох боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчнийг ингэний сүүгээр эмнэх боломжтой гэж сонссон. Өнөөдөр 2000 төгрөгийн үнэтэй байгаа ингэний сүү чихрийн шижин өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай. Өвөрмонголчууд Япон Улс руу ингэний сүү экспортлоод эхэлсэн, бид хоцорч байна. Гэхдээ төр засгаас энэ чиглэлийн арга хэмжээ авч байгаагийн дээр малчид та бүхэн экспортыг зорьж ажиллаарай. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

З.Энхболд: 21 аймагт ипотекийн зээлийн хүү 5 хувь боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв.


Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна, нэг дор 1000 тэмээ байх нь гайхалтай харагдах нь лавтай. Гинессийн амжилтаа ахиулахаар мэргэжилтнүүдийг урьж авчирсан байна. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Өнөөдөр Та бүхэнд 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын тойм, эдийн засгийн зарим асуудал, бүтээн байгуулалт, бонд, мөн барилгын салбар, ипотек, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ” хэмээн хэлэв.


Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм.

Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудын талаар танилцууллаа.

УИХ-ын дарга Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт Өмнөговь аймагт үргэлжилж тэрээр Даланзадгад сумын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.


90 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор нь байгуулаад буй Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай Улсын Их Хурлын дарга танилцав. Даланзадгад сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ аймгийн төвийн хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий зам, тээврийн болон инженерийн шугам сүлжээ, түүнчлэн ус, дулаан, цахилгаан, холбооны найдвартай эх үүсвэрийг эхний ээлжинд барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх чиглэл баримтлан ажилласны хүрээнд орон нутгийн төсвөөс 21 тэрбум 813 сая төгрөгийг зарцуулжээ.


Үүний үр дүнд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар 200 хүүхдийн цэцэрлэг, 128 айлын орон сууц, 44 айлын амины орон сууц зэрэг барилга байгууламж болон 3.1 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулсан байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2009-2021 он хүртэл 3 үе шаттай байхаар тооцож ойрын хугацааг 2009-2012 он, дунд хугацааг 2012-2015 он, төлөвлөлтийн хугацааг 2015-2021 он байхаар тус тус тогтоосон байна. Нийт 90 га тус бүсэд 2376 өрх, 9138 хүн ам суурьшин амьдрахаар төлөвлөгдсөнөөс 98.6 хувь нь нийтийн орон сууцанд, 1.4 хувь нь амины орон сууцанд байхаар тооцжээ. Мөн Засаг захиргааны бүс, нийгмийн дэд бүтцийн бүс, ногоон байгууламж амралт зугаалгын бүс, зам  талбайг төлөвлөсөн байна. Уул уурхайн жишиг сургууль, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн төв музей, 850 хүний суудалтай театр, усан спорт цогцолбор, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, автозам, явган хүний зам, зэрэг томоохон барилга байгууламжуудыг мөн барихаар төлөвлөжээ.


Засгийн газраас хэрэгжүүлж буй "Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр"-ийг Өмнөговь аймагт хэрэгжүүлэх ажилд оролцож буй “Бандиа” ХХК-ийн барьж буй 138 айлын амины орон сууц барих барилгын угсралтын ажлын явцтай Улсын Их Хурлын дарга танилцлаа. Тус компани Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ЗДТГ-аас тус хотхон хүртэлх дэд бүтэц цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам татах ажил болон 7.9 га газар олголтыг шийдвэрлэж өгсөн байна.

УИХ-ын дарга З.Энхболд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худаг байгуулж буй төслийн явцтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худаг байгуулж буй төслийн явцтай танилцав.


2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй суманд туршиж эхэлсэн байна. Уг төхөөрөмж нь мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэхэд үр дүнтэй бөгөөд цаг хугацаа хэмнэсэн, хямд зардлаар мал, ногоогоо зэрэг услах боломжтой үр ашигтай төхөөрөмж болох нь нотлогдсон болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.


Тиймээс 2015 онд 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, "Ундарга-Өмнөговь" ХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа аж. Үүний нэг нь Даланзадгад сумын 8 дугаар багийн Цох сувагийн худаг юм. Сүүлийн 4 жилийн хугацааны ажлын үр дүнд  бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрсэн байна.

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол тэмээ 999” арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын даргын орон нутагт ажиллаж буй томилолт Өмнөговь аймагт үргэлжилж байна. Дэлхийн хоёр бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговь аймаг 1000 тэмээ уралдуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэхээр “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.


Энэ хүрээнд 1000 тэмээний уралдаан, говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”, Ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буухиа тэмцээн, “Сайхан тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.


1000 тэмээний уралдаан 03 сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчид оролцож байгаа бөгөөд бусад аймаг сумдаас ч энэхүү уралдаанд нээлттэй оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар 1000 тэмээний  уралдааныг үзэж, сонирхлоо.


Эх сурвалж: http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/28335

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%