Увс аймгийн Улаангом сумын 1-р баг Чандманьд 2017 оны
нэг, хоёрдугаар сард их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний
усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа ус гүйснээс айл, өрх, аж
ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай авто зам, гүүр усанд автах эрсдэл
үүсээд байгаа юм. Увс аймгийн удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулан орон
нутгийн нөөц бололцоонд тулгуурлан арга хэмжээ авч ирсэн ч урин дулаан цаг ирж
буй энэ үед айлууд шар усны үерт автах эрсдэл бий болоод байгаа билээ.
Уг асуудлаар Монгол Улсын Шадар
сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай
бүлэг” өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.
“Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн
яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам ашиглалт, засвар
арчлалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны
Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн
ахлах мэргэжилтэн Улсын байцаагч Ж.Хуандаг, Байгаль орчин, аялал жуулчлалын
яамны сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Кебейхан, Барилга хот
байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгжилтийг
зохицуулах газрын мэргэжилтэн О.Баярбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
Барилга, техникийн хяналтын ахлах байцаагч Нарийн бичгийн дарга Д.Санжмятав,
Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мягмардорж ажиллаж
байгаа
бөгөөд аймгийн онцгой комиссын
гишүүд “Шуурхай бүлэг”-т нөхцөл байдлыг танилцуулж хамтран ажиллах багаа томилон ажилдаа ороод байна.