Өнгөрсөн гуравдугаар сард Монгол орны нийт нутгаар цас ихээр унаж цаг үе хүндэрсэнтэй холбогдуулан Улаан загалмайн нийгэмлэгээс малчдад туслах хандивийн аяныг зарлаж, Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран зудад өртсөн 12 аймгийн 3480 өрхөд 1,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа юм байна.
Харин Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооноос Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн гамшгийн хөтөлбөрт хүсэлт гаргасаны дагуу манай аймгийн Гучин–Ус, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хархорин, Бүрд, Есөнзүйл зэрэг 8 сумын 280 өрх хамрагдаж, өрх тус бүр 245000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж авахаар болсон бөгөөд Аймгийн ИТХ-ын дарга Улаан Загалмайн хорооны тэргүүн А.Ишдорж, Улаан загалмайн хорооны дарга Б.Энхцогт нараар ахлуулсан ажлын хэсэг дээрх өрхүүдэд батламжыг нь гардуулан өглөө.
Тус өрхүүдийг: өрх толгойлсон, хөгжлийн бэлхшээлтэй, ам бүлийн тоо олон, эмзэг бүлгийн 200-аас доош толгой малтай, мал нь зудад хорогдсон зэрэг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгосон байна.
Энэхүү ажлын үеэр Улаан загалмайн үүсэл гарал, халамж, эрүүл мэнд, гамшиг, хүүхэд залуучууд гэсэн 4 хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар болон Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай хууль бодлого зорилтын талаар малчдад мэдээлэл өгч ярилцлага хийлээ. Түүнчлэн Улаан загалмай нийгэмлэгт сайн дураар гишүүнээр элсэж хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж хамтран ажиллахыг ч мөн уриаллаа.