2019 оны 6-р сарын 6
Ардын хувьсгалын 98 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Батширээт сумын харьяат аймгийн заан Ганцогтын Бадрах маань уран мэхийг уралдуулан барилдаж 8 даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж нутгийн уул ус, зон олон биднийгээ баярлуулж бахдуулсан билээ.
Энэ өдөр нутгийн зон олон Г.Бадрах арслангийн “Арслан” цол хүртсэн баяр бахдалыг хуваалцахаар “Батширээтийн хөгжлийн сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, аймгийн арслан Г.Бадрахын аав Г.Ганцогт түүний гэр бүл, төрөл төрөгсөд, “Ноён ширээт” бөхийн холбоо, сумын ИТХ, ЗДТГазар, багуудын засаг дарга нар, нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар мялаалга өргөх наадмыг амжилттай зохион байгууллаа.
Тус наадмаар соёолон, даага насны 32 шандаст хүлгүүд уралдан, хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, газар газраас цугларсан эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсон өргөн дэлгэр наадам боллоо. Мөн уг наадмын үеэр оюуны спорт болох “Шатар”-ын тэмцээн, 9-11, 12-13, 14-16 насны хүүхдүүдийн дунд хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө.