1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд сумын ИТХ-ын дарга Б.Ууганбаяр, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, БОХУ-ын байцаагч Б.Мөнх-Очир, Барх багийн ИНХ-ын дарга Н.Мэндсайхан нар Ононгийн халуун рашааны асуудлаар газар дээр нь ажиллалаа.
Тус уулзалтад Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтын захиргаа, Өмнөдэлгэр сумын ИТХ, удирдлагууд, Онон Улз голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд болон рашаанд бараалхаж байгаа иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Ононгийн халуун рашааны хамгаалалтын менежментийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас Батширээт сумын ИТХ-аас хамгаалалтын менежментийг сайжруулах журмын төслийг танилцуулж халуун рашааны талаар ойрын хугацаанд шийдвэр гарган ажиллах талаар талууд нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Үүнд: 1. Хан Хэнтийн УТХГЗахиргаа Ононгийн халуун рашаанд гэрээгээр 2 хүн цалинжуулж түр хариуцуулан ажиллуулах, 2. Батширээтээс гаргасан журмын төсөлд талууд саналаа 02-р сарын 10-ны дотор өгч нэгтгэн 2 сумдын ИТХ-аас тогтоол гарган шийдвэрлэх, 3. Дээрх зөвлөгөөн хэлэлцүүлэгт оролцсон талууд Ононгийн халуун рашааны хуучин байрны дээврийг шинэчлэх, усны насос байрлуулах зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэв.
ИТХ, ЗДТГ-ын зүгээс рашааны байрны тохижилтод зориулан зарим эд зүйлсийг байрлуулав.