Аугаа Эх орны дайны ялалтын баярын 70 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасласан Дэлхийн хоёрдугаар дайн Европийн бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Энэ өдрийг Батширээтчүүд бид Тоонот толгойд байрлах ахмад дайчдын хөшөө, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөснөөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хилийн цэргийн 0287-р ангийн Батширээт суман дах 1-р заставын бие бүрэлдэхүүн, сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо. Тус арга хэмжээний дараа 1-р заставын хамт олон сумын соёлын төвд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчиллаа.