ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 459

"Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын хөгжлийн нэгдсэн зөвлөгөөн"-нийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулна.

2026-03-24 95
Тус зөвлөгөөнөөр салбарын хөгжлийн бодлого, чиг хандлага, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх тул холбогдох Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын байгууллага, аж ахуйн нэгж, гэр буудал, хөтөч тайлбарлагч, жолооч, гар урлал үйлдвэрлэгч нарыг хүрэлцэн ирж идэвхитэй оролцохыг урьж байна.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

2026-03-22 76
Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр цэвэр усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг сурталчлах, ундны усны ач холбогдлыг таниулах зорилгоор тэмдэглэдэг. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 1993 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд ундны усны ач холбогдол, хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хайрлан хамгаалахыг дэлхий нийтээр уриалдаг. Энэ жил буюу 2026 оны усны жилийг дэлхий даяар "УС БА ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХ" уриан дор тэмдэглэж, усны хүртээмжид эмэгтэйчүүд, охидын оролцоог анхаарч байна. Говийн экосистем, хүн ардад УС БОЛ ЦОРЫН ГАНЦ ЭРДЭНЭ байдаг. Иймд БҮХ ТАЛУУДАД усны ач холбогдлыг зөв ойлгох, усаа зохистой хэрэглэж хэвших, усаа дахин ашиглах арга, технологийг эзэмших, ГОВИЙГ ГАДАРГЫН УСААР УСЖУУЛАХ ажлыг зохион байгуулахыг УРИАЛЪЯ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН АНАГААХ УХААНЫ ФОРУМ “MEDICAL KOREA-2026”-Д ОРОЛЦЛОО

2026-03-21 81
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын гол чиг хандлага нь AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг шийдэл болгож, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжээр шинэ түвшинд хүрч байна. Үүний хүрээнд анагаах ухааны салбарын ирээдүйг тодорхойлох, олон улсын томоохон форум “Medical Korea-2026” арга хэмжээнд АИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо оролцлоо. Мөн Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгч Kim Jae Hee-тэй уулзан, AI технологид суурилсан тоног төхөөрөмж болон олон улсын сайн туршлагыг нутагшуулах боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Дээрх уулзалтын гол зорилго нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит ахиц гаргах боломжийг бүрдүүлэх, техник технологийн сүүлийн үеийн шийдлийг нэвтрүүлэхэд чиглэнэ. Мөн аймаг, орон нутгийн иргэдэд илүү сайн үйлчилгээг үзүүлэх боломжийг эрэлхийлж байна.

Монгол цэргийн өдөрт зориулсан баярын мэндчилгээ

2026-03-18 78
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тангараг өргөн зүтгэж буй үе үеийн дайчид, ахмад дайчид, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Түүхт Монгол цэргийн сүр хүч, эр зориг, эх оронч үзэл өнөө цагт ч бахархал болон гэрэлтэж, улс орныхоо хөгжил дэвшил, амар тайван амьдралын баталгаа болсоор байна. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эх орныхоо төлөө гэсэн ариун үйлс тань үеийн үед мандан бадрах болтугай. Хүндэтгэсэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-03-18 87
АИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо нь БНСУ-ын Донгий их сургуулийн AI Grand ICT судалгааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд: • Боловсрол, судалгааны материал, эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох • Үйлдвэрлэл, их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан, профессор, судлаачдын солилцоог хэрэгжүүлэх • Мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT)-ийн чиглэлээр сургалт, боловсролын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх юм. Энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр боловсрол, судалгааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын туршлага, дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодит боломж бүрдэж байна.

“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-03-14 84
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, МУ-ын ЗГ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат болон аймгийн удирдлагууд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Шивээ хүрэн төмөр зам” ХХК-ийн захирал А.Хүрэлбат нар оролцлоо. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн зочид, залуус, ЕБС-ын сурагчдад төмөр замын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, залуу хойч үеийг бэлтгэх, ялангуяа Өмнөговь аймгаас салбарын боловсон хүчнийг бэлтгэх боломж, шийдлийн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн арга хэмжээний үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл гарган ажилласан хүмүүст Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналыг гардууллаа.

Зам, тээврийн яам, Өмнөговь аймаг, Монголын төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран “Говийн бүсийн хөгжил-2026” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

2026-03-14 89
Арга хэмжээний үеэр говийн бүсийн тээвэр, дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Даланзадгад сумаас Цогтцэций сум хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн Гурвансайхан нисэх онгоцны буудлын өргөтгөлийн бүтээн байгуулалтын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурж, иргэний нисэхийн дэд бүтцийг сайжруулах, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг бууруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Энэхүү өдөрлөг нь говийн бүсийн дэд бүтэц, тээврийн салбарын хөгжлийг дэмжих, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

Өмнөговь аймаг дахь Х.Шаравын нэрэмжит Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвийн 95 жилийн ойн хүрээнд “Нотолгоонд суурилсан анагаах ухаан, эрүүл мэндийн тогтвортой хөгжил” сэдэвт Говийн бүсийн анхдугаар эрдэм шинжилгээний чуулган амжилттай зохион байгуулагдла

2026-03-13 79
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Даланзадгад хотын дарга Ц.Дэнээдорж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн нар оролцлоо. Эрдэм шинжилгээний хуралд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос эрдэмтэн, судлаачид оролцож, анагаах ухааны чиглэлээр хийсэн судалгаа, туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүллээ

“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.

2026-03-12 89
Өмнөговь аймаг, “Монголын төмөр зам” ТӨХК хамтран стратегийн төслүүдийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, төмөр замын салбарын мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг сурталчлан, говийн бүс нутгаас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх замаар залуучууд, оюутан сурагчдыг тус салбарт суралцаж, ажиллах сэдлийг нэмэгдүүлэх зорилготой “ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ ӨДӨРЛӨГ” арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүд, иргэд хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА-2026

2026-03-09 70
Говийн бүсийн чуулга харваа энэ сарын 7,8-ний өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг Говийн бүсийн дөрвөн аймгийн Засаг даргын ивээл доор өргөн дэлгэр болж нийт 76 багийн 600 гаруй харваачид чууллаа. Насанд хүрэгчдийн ангилалд Тэргүүн байранд: Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат МУҮДМэргэн Ц.Идэрзориг ахлагчтай Шүтээн Эрдэнэ ХХК баг Дэд байранд: Дорноговь аймгийн Мандах сумын харьяат МУҮДМ, СМ Б.Наранбаатар ахлагчтай Номт даншиг ХХК-ийн баг Гутгаар байранд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУГМэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Алтанговь транс ХХК-ийн багууд шалгарлаа. Дараа жилийн говийн бүсийн харваа Говьсүмбэр аймагт болно.

"Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, иргэдээс санал авч байна.

2026-03-06 74
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, Засгийн газрын өргөтгөсөн хурал, Хангайн бүс, Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хурал, орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтууд, иргэд олон нийтээс гарсан саналууд болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс "Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийн санал асуулга, уулзалтыг танхимаар болон цахимаар 15 сумыг хамруулан зохион байгуулж байна. Хуулийн төслийн танилцуулгыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тэргүүнцэцэг, Ж.Энхчимэг нар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2026-02-15 95
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орон, говь нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж салбар бүртээ манлайлан олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрч иргэдийг Төрийн дээд одон, медалиар шагнав. Шагналыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон аймаг, орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө. Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхэм хүндтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлс нь өргөжин тэлж, улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 9 АЛДАРТНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2026-02-15 90
ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЛТАНТӨРИЙН ӨСӨХЖАРГАЛ Төрийн албаны нэр хүнд, ёс зүйг эрхэмлэн дээдэлж, ард иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах ариун үйлсэд албан үүргээ нэр төртэй биелүүлж, аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Таны цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ОНЫ ШИЛДЭГ АЖИЛЧИН ГАНТӨМӨРИЙН ОРГИЛ Шатрын спортыг улс, бүс, орон нутгийн түвшинд тууштай хөгжүүлж, оюуны спортын үнэ цэнэ, хүмүүжил, сэтгэлгээг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үеийн шатарчдыг бэлтгэж буй хувь нэмрийг тань үнэлэн аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Түмний олон шавь нараа дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөхүйц тамирчид болгон төлөвшүүлэх үйлсэд тань өндөр амжилт хүсье. ОНЫ ШИЛДЭГ БИЗНЕСМЭН НАМДАГИЙН ХҮРЛЭЭ Үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийг амжилттай удирдан чиглүүлж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан, татварын үүргээ нэр төртэй биелүүлж, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжтэй санаачилгатай ажилласан амжилтыг үнэлэн аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. ОНЫ ШИЛДЭГ МАЛЧИН ЦЭРЭНДЭЖИДИЙН ОДБАЯР Эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэн ахмад малчдаас туршлага судлан ажиллаж нийгэм, эдийн засаг, мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг тань үнэлэн аймгийн 2025 оны алдартанаар шалгарууллаа. Таны гэр бүл эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, мал сүрэг нь түм түмээр өсөн үржихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДӨРВӨЛЖИНГИЙН ӨЛЗИЙСАЙХАН Эрүүл мэндийн салбарт өөрийн мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан, үр бүтээлтэй ажиллаж, төрөлх говь нутгийнхаа ард иргэдийн эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлийг тань үнэлэн аймгийн 2025 оны алдартанаар шалгарууллаа. Ажил үйлс тань өөдрөг, эрүүл энхийн манаа тань амар амгалан байхыг хүсэн ерөөе. ОНЫ ШИЛДЭГ БОЛОВСРОЛЫН АЖИЛТАН ЖАНЦАНГИЙН ОЮУНЦЭЦЭГ Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, сурагчдын сурлагын амжилтыг ахиулан, оюуны хөгжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөн яваа хөдөлмөр зүтгэлийг тань үнэлэн аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Таны юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн биелж, шавь нарынх нь оюун ухаан, эрдэм мэдлэг арвижин дээшлэхийн ерөөлийг дэвшүүлье. ОНЫ ШИЛДЭГ АВЬЯАСТАН ЭРХЭМБААТАРЫН ЦОГТБАЯР “My Voice” үндэсний хэмжээний шоу нэвтрүүлэгт тэргүүн байр эзэлж, урлагийн өндөр ур чадвар, тайзны соёл, сэтгэл хөдөлгөм дуулалтаараа олон нийтийн талархал, хүндэтгэлийг хүлээж, залуу уран бүтээлчдийн манлайлал болж буй амжилтыг нь үнэлэн аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Таныг урлагийн бурхан тэнгэр Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээж явах болтугай. ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ “АГЛУТ ГРИЙН ГОБИ” ХХК Орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ өнгө төрх бүрдүүлэн, орчны тохижилт, чанар стандартын шаардлагыг өндөр түвшинд хангаж, үйлчлүүлэгчдийн тав тух, сэтгэл ханамжийг эрхэмлэсэн бүтээн байгуулалтаар шалгарсан тул аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Танай хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ “СОЛИД ПАРТНЕРС” ХХК Үндэсний уламжлалт мал аж ахуйн үнэт баялаг болох тэмээ, ингэний сүүний үйлдвэрлэлийг орчин үеийн технологитой хослуулан хөгжүүлж, орон нутгийн эдийн засаг, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулсан тул аймгийн 2025 оны алдартанаар шалгаруулав. Цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Аймгийн 9 алдартнаар шалгарсан иргэд, аж ахуйн нэгжид халуун баяр хүргье.

ГУРВАНТЭС СУМЫН БАЯСАХ БАГИЙН МАЛЧИН А.ШИНЭ-ОРГИЛ, ГЭРГИЙ С.НАРАНЦЭЦЭГ НАР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

2026-02-14 93
Малчин А.Шинэ-Оргил нь 2003 оноос эхлэн гэр бүлийн хүн С.Наранцэцэгтэй ханилан, 23 жилийн турш мал маллаж байна. Тэд Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар 10 гаруй жил оторлон нүүдэллэж, малын тарга хүч, үүлдэр угсааг сайжруулан, буянт малынхаа ашиг шимийг улсдаа үнэлүүлэн “Улсын аварга малчин” цол хүртлээ. “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн А.Шинэ-Оргилын гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МАНДАЛ-ОВОО СУМЫН МАЛЧИН Ж.БАНЗАРХАНД ГЭР БҮЛ “УЛСЫН АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭН БОЛЛОО.

2026-02-14 92
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Мандал-овоо сумын “Өтгөн” багийн малчин Ж.Банзарханд, түүний гэргий И.Март нар “Улсын алтан унага”-ны эзэн боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга Г.Сүхбаатар, Мандал-Овоо сумын Засаг дарга Ж.Байгаль нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн “Улсын алтан унага ” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн гэр бүлд чин сэтгэлийн баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НОЁН СУМЫН САЙРАН БАГИЙН МАЛЧИН Ш.ГАНБАТ ГЭРГИЙ Ш.ОТГОНЖАРГАЛ НАР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

2026-02-14 97
1997 оноос айл болон 30 гаруй жилийн турш мал маллаж, буянт малынхаа ашиг шимийг хүртэн, хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлүүлж “Аварга малчин” хэмээх эрхэм цолыг хүртлээ. Тэрээр Хэнтий, Дархан, Завхан, Эрдэнэт хотууд руу сүү, цагаан идээ нийлүүлж, сүүлийн 10 гаруй жил мянга гаруй мал тоолуулж, 2011 онд сумын аварга малчин, 2014 онд аймгийн аварга малчин болж байсан юм. “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ш.Ганбатын гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МАНДАЛ-ОВОО СУМЫН МАЛЧИН С.БЯМБАДОРЖ, ГЭРГИЙ Ц.ШҮРЭНЧИМЭГ НАР “АЛТАН ИШИГ”-НЫ ЭЗЭН БОЛЛОО

2026-02-13 83
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "Таван Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Мандал-овоо сумын Мандал багийн малчин Сумаагийн Бямбадорж болон Цэцэгдэлгэрийн Шүрэнчимэг нар “Алтан ишиг”-ны эзэн боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга Г.Сүхбаатар, Мандал-Овоо сумын Засаг дарга Ж.Байгаль нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. 1995 онд мал аж ахуй дээр гарч малчин болсоноос хойш 23 жил мал маллаж, сүүлийн 3 жилд төлөө өсгөн 1339-1699 толгой мал тоолуулан ямаан сүргээ өсгөж, чанар, үүлдэр угсааг нь сайжруулан 535 төл бойжуулжээ. Тэрээр мал маллагааны арвин туршлагатай бөгөөд 2021 онд “Сумын аварга малчин”, 2022 онд Мандал-Овоо сумын мянгат малчин болж байсан юм. “Алтан ишиг”-ны эзэн болсон С.Бямбадорж, түүний гэргий Ц.Шүрэнчимэг нарт баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МАНДАЛ-ОВОО СУМЫН МАНДАЛ БАГИЙН МАЛЧИН Ц.ОЮУНСҮРЭН “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

2026-02-13 95
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Мандал-овоо сумын Мандал багийн малчин Цэдэвдоржийн Оюунсүрэн “Улсын аварга саальчин” цол хүртлээ. Шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ш.Бат-Эрдэнэ, Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга Г.Сүхбаатар, Мандал-Овоо сумын Засаг дарга Ж.Байгаль нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Улсын аварга саальчин Цэдэвдоржийн Оюунсүрэн, түүний нөхөр Намсрайн Мөнхнаран нар нь 33 жил тасралтгүй мал маллаж, сүүлийн жилүүдэд 400 гаруй тэмээ тоолуулсан хөдөлмөрч малчид бөгөөд 2022 онд аймгийн аварга малчнаар шалгарсан юм. “Улсын аварга саальчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ц.Оюунсүрэн, түүний нөхөр Н.Мөнхнаранд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%